Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/30-НД НИЙТЛЭГДСЭН

Сансарт хамгийн удаан ниссэн эмэгтэйгээр АНУ-ын сансрын нисгэгч тодорлоо

Р.Түвшин, iKon.mn
2019 оны 12 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн Бямба гарагт АНУ-ын сансрын нисгэгч Кристина Кок тойрог замд 289 дэх өдрөө өнгөрүүлснээр нэг удаагийн нислэгээр сансарт хамгийн удаан ажиллаж, амьдарсан эмэгтэй болжээ.

Өмнөх дээд амжилтыг мөн АНУ-ын сансрын нисгэгч Пэгги Уитсон 2016-2017 онд Олон Улсын Сансрын Станцад ажиллахдаа тогтоосон юм.

Кристина Кок ирэх оны хоёрдугаар сар хүртэл тойрог замд ажиллаад дэлхийд буцах тул түүний дээд амжилт 328 өдөр болж нэмэгдэхээр байна.

NASA хүний биед сансрын урт хугацааны аялал хэрхэн нөлөөлдгийг судлахын тулд Кокыг ийм удаан ажиллуулж байгаа гэдэг.

Аравдугаар сард тэр Жессика Мэйерын хамт задгай сансарт ажилласан нь дан эмэгтэйчүүдээс бүрдсэн баг сансрын хөлгийн гадна талд ил гарсан анхны тохиолдол болж түүхэнд бичигдсэн юм.

Кристина Кок нь анх NASA-д цахилгааны инженерийн албан тушаалд ажиллаж эхэлсэн бөгөөд хэд хэдэн сансрын хөлгийг бүтээх төсөлд оролцож байжээ. Сүүлд 2013 онд тэр сансрын нисгэгч болсон юм.

NASA одоо 2024 онд саран дээр дахин хүн буулгах зорилготой ажиллаж байгаа ба Кокыг дэлхийн дагуул дээр хөл тавьсан анхны эмэгтэй болж магадгүй гэсэн яриа байдаг.

 

Эх сурвалж: CNET