Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/24-НД НИЙТЛЭГДСЭН

ҮХЦ-ийн дарга, ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга нар 2018, 2019 онуудад аудитын мэдээллээ хугацаанд нь ил тод болгоогүй

Б.Бадамгарав, IKon.mn
2019 оны 12 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

“Үнэн хатамж” төрийн бус байгууллагаас төсвийн ерөнхийлөн захирагчдын аудитын зөвлөмж, дүгнэлтийн хэрэгжилтийн ил тод байдлын тухай судалгааны тайланг өнөөдөр танилцууллаа. 

Тус байгууллагын Гүйцэтгэх захирал Ж.Сайнзаяа “Төрийн байгууллагууд Шилэн дансны тухай хуулийн 6.1.5-д зааснаар төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн багцад хийсэн аудитын дүгнэлтийг бүрэн эхээр нь, тухайн жилийн дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн дотор, аудитын тайлан, дүгнэлтэд тусгагдсан асуудлаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээг тухайн жилийн долдугаар сарын 1-ний өдрийн дотор тогтмол мэдээлнэ гэсэн заалтыг үндэслэн 2018 ба 2019 оны харьцуулсан судалгааг хийлээ. 

2018 оны долдугаар сарын 1-ний  байдлаар төрийн байгууллагуудын 74 хувь нь мэдээллээ ил тод болгосон бол 2019 оны долдугаар сарын 1-нд дээрх тоо 24 хувь болж буурсан” гэв. 

Судалгааны үр дүнд, УИХ-ын харьяа байгууллагуудаас Үндэсний статистикийн хороо хугацаандаа, бүрэн гүйцэт мэдээллээ байршуулж, зөвлөмжийг 99.8 хувь хэрэгжүүлсэн нь сайн жишээ гэдгийг тэрбээр мөн дурдлаа. 

Судалгааны үр дүнгээс товч дурдвал:

  • Төсвийн ерөнхийлөн захирагчдаас Үндсэн хуулийн цэцийн дарга, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга нар 2018, 2019 онд аудитын тайлан ба холбогдох мэдээллийг хуулийн хугацаанд ил тод болгоогүй.
     
  • Засгийн газрын харьяа байгууллагуудын 44 хувь нь хугацаандаа мэдээллээ оруулсан. 
     
  • Нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагч нар 2018 онд мэдээллээ ил тодоор байршуулсан ч хавсралтыг оруулаагүй тул мэдээлэл бүрэн авах боломжгүй гэж үзжээ. Харин энэ онд мэдээллээ хугацаандаа багтаж оруулаагүй.
     
  • Говь-Алтай, Хөвсгөл аймгууд жил бүр мэдээллээ цаг тухайд нь оруулдаг. Бусад аймаг цаг хугацаандаа оруулдаггүй сул тал ажиглагджээ. 

"Үнэн хатамж" ТББ-ын Гүйцэтгэх захирал Ж.Сайнзаяа “2020 оноос бид зөвхөн мэдээллээ ил тод болгосон байдлыг бус, хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнг голчлон харгалзах болно. Иргэд төсөвт хяналт тавьдаггүй учир төсөв хяналтгүй, үр ашиг муутай байв. Тиймээс төрийн байгууллагуудын төсөвт хянамгай хандаж, мэдээллийг шаардаж байх нь төсвийн хяналтыг сайжруулах гол алхам” гэлээ. 

Түүнчлэн нийцлийн аудитаас гарсан зөвлөмж хэр биелсэн талаар мэдээллийг хаанаас ч авах боломжгүй байна. Зөрчлүүдийг яаж шийдвэрлэсэн талаар мэдэх, арга хэмжээг үнэлэн дүгнэх боломжгүй байгаад шүүмжлэлтэй хандаж байгаагаа мөн илэрхийлэв.

Яамдууд мэдээллээ хугацаанд нь ил тод болгосон эсэхтэй холбоотой дүгнэлт:

 

 

Судалгааны дэлгэрэнгүйг "Сайн аудит" хуудсаас авах боломжтой.