Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/04-НД НИЙТЛЭГДСЭН

Ким Жон Ун дахин мориндоо мордож, Трамп түүнийг дахин дооглов

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 12 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун дахин цагаан морь хөлөглөж, тус улсын хамгийн өндөр уул Пэктүд гарсан тухай Пёньяны төв хэвлэл мэдээлжээ.

Тэрээр хоёр сарын өмнө мөн ийм үзүүлбэр үзүүлж байв.

Энэ удаа түүнийг дагалдаж Умард Солонгосын армийн томчууд болон гэргий нь явсан ба ард түмнийхээ хувьсгалч үзэл санааг сэргээх зорилготой гэж мэдээлжээ.

Тэгвэл энэ үйл явдалтай зэрэгцэн АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп хоёр жилийн өмнө залуу удирдагчийг хочилж байсан нэрээ дахин сэргээж хэрэглэсэн нь талуудын харилцаа хурцдах шатандаа орсныг харуулж байна.

Умард Солонгосын тал сүүлийн үед он дуусахаас өмнө цөмийн зэвсгийн яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэхгүй бол тус улс “шинэ зам” сонгож, баллистик пуужингийн туршилтаа сэргээх тухай хэд хэдэн удаа анхааруулсан юм.

Тэгвэл Лондон хотод NATO-гийн чуулганд оролцож буй Дональд Трамп “Тэр пуужин харвах тухай ярьж байгаа биз. Тийм болохоор л би түүнийг ‘rocket man’ гэж хочилсон юм шүү дээ. Манайд дэлхийн хамгийн хүчирхэг зэвсэгт хүчин байна. Манай улс дэлхийд хамгийн хүчирхэг нь. Бид энэ давуу талаа ашиглахыг хүсэхгүй. Гэхдээ шаардлага гарвал ашиглах болно” гэж мэдэгджээ.

Вашингтоны засаг захиргаа Умард Солонгосын дэглэмийг бүх цөмийн зэвсгээ хураалгасны дараа тус улсын эсрэг тавьсан олон улсын хоригийг цуцлана гэсэн байр суурьтай байгаа. Харин Пёньяны тал АНУ-ыг хэт нэг талыг барьсан шаардлага тулгаж, “дээрэмчин” маягийн зан гаргаж байна хэмээн шүүмжилдэг юм.

Умард Солонгосын эрх баригч Хөдөлмөрчний Намын төв хорооны бүгд хурал арванхоёрдугаар сард болох төлөвтэй байна. Энэ бүгд хурлаар тус улсын бодлогыг дахин тодорхойлох чухал шийдвэр гардаг.

Тиймээс Ким Жон Ун АНУ-тай харилцах гадаад бодлогоо өөрчилж, хоёр орны хооронд дайсагнал сэргэх цаг ойртож байж болзошгүйг судлаачид анхааруулж байна.

Хувьсгалын өлгий болсон Пэктү ууланд ойр ойрхон хоёр удаа морьтой гарсан нь үүнийг мөн баталж байгаа юм.

 

Эх сурвалж: Reuters