Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/04-НД НИЙТЛЭГДСЭН

Талийгаач Мугабе дансандаа $10 саяыг үлдээжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 12 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Африкийн Зимбабве улсыг олон жил удирдсан дарангуйлагч Роберт Мугабе нас бараад удаагүй байгаа. Тэрээр наймдугаар сард Хонг Конгийн эмнэлэгт 95 насандаа таалал төгссөн юм.

Өчигдөр Зимбабвегийн төрийн өмчит сонинд Мугабегийн үлдээсэн өв хөрөнгийн жагсаалтыг нийтэлсэн нь хүмүүсийн дунд эргэлзээ үүсгэжээ.

Бараг 40 орчим жил улс орныг удирдсан, партизаны хөдөлгөөний удирдагч асан Мугабег хэдэн тэрбум, ядаж олон зуун сая ам.долларын хөрөнгөтэй гэж үздэг.

Гэтэл тус сонинд нийтэлсэн жагсаалтад банкны дансан дахь $10 сая, нийслэл Хараре хот дахь дөрвөн энгийн орон сууц, 10 автомашин, нэг фермийн газар, зуслан багтсан байна.

Тэрээр өмч хөрөнгөө хэрхэх талаар ямар нэг гэрээслэл үлдээгээгүй гэнэ. 

2017 оны арваннэгдүгээр сард Зимбабвегийн засгийн эрхийг булаан авсан хүмүүс Мугабед өндөр тэтгэвэр тогтоож, орон байр, гадаад аялал, эрүүл мэндийн даатгал, хувийн хамгаалалт зэргийг нь улсаас хангахаар болсон юм.

Мугабегийн хоёр дахь эхнэр Грэйсийн тансаглалын тухай дуулиан тасардаггүй байснаас Зимбабвед түүнийг “Gucci Grace” хэмээн хочилдог байв.

Бельгийн бизнесмэн Грэйс Мугабед $1.3 саяын үнэтэй бөгж бэлэглэсэн тухай дуулиан гарч байсан нь зөвхөн нэг удаагийн тохиолдол юм.

Мугабегийн гэр бүл гадаад улс орнуудад олон тооны үл хөдлөх хөрөнгөтэй гэгддэг. 2015 онд гарсан шүүхийн маргааны үеэр тэдний Хонг Конг дахь $7.6 саяын үнэтэй амины орон сууц нийтэд ил болж байжээ.

Викиликсийн задалсан 2001 оны АНУ-ын засаг захиргааны нууц бичиг баримтад Мугабегийн “Швейцарын банкны нууц данснууд, Бахамын арлууд дахь тансаг сууц, Шотланд дахь харш” зэрэг хөрөнгийг илчилж байв.

Гэвч Мугабегийн олон жил удирдаж байсан Зимбабве улс өнөөдөр эдийн засгийн гүн хямралд ороод байна. Өчигдөр НҮБ-ын хүнсний хөтөлбөр тус улсын өлсгөлөнд автсан 4.1 сая иргэнд 240,000 тонн хүнсний тусламж үзүүлэхээр болсныг зарлажээ.

 

Эх сурвалж: The Guardian