Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/25-НД НИЙТЛЭГДСЭН

2 их наяд төгрөгийн алдагдалтай төсөв баталсан УИХ-ын гишүүд боловсролын чанарт анхаарсангүй

Р.Оюунцэцэг, IKON.MN
2019 оны 11 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Сүүлийн хоёр жилийн төсвийг УИХ ямар хурдан шаламгай баталсныг сонгогч та анзаарсан байх.

Өнгөрсөн жилд гишүүд Монгол Улсын өрийг 1.9 их наядаар нэмсэн бол сонгуулийн өмнөх жилийн төсвийг долоо хоногийн өмнө батлахдаа 2.075 их наяд төгрөгийн алдагдалтай чигээр нь зүтгүүлчихэв. 

График 1. Төсвийн зардал ба алдагдал (тэрбум төгрөг)

Засгийн газар энэ жил зардлаа өмнөх оноос 21% өсгөсөн.

Тэр дундаа хөрөнгө оруулалтын зардал өнгөрсөн жил 1.68 их наяд төгрөг байсан бол үүнийг 3.679 их наяд болгож, 119% нэмэгдүүлж төсөлдөө тусгасан байв. 

Эндээс БСШУС-ын сайдын багцыг онцолъё.

Учир нь энэ хүн Монгол Улсын эдийн засгийг ирээдүйд хөгжүүлэх, бүтээлч үйлдвэрлэгчдийг бэлтгэх хамгийн чухал салбарыг удирдаж буй.

Харамсалтай нь Ё.Баатабилэг сайд Сангийн яаманд саналаа хүргүүлэхдээ зөвхөн бүтээн байгуулалтад анхаараад гол капитал болох хүнээ мартсан бололтой. 

Төсвийн төсөлд тусгаснаар Боловсролын сайд 1.6 их наяд төгрөгийн өртөг бүхий төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээс 2020 онд 622 тэрбум төгрөг зарцуулах эрх олгосон. Харин энэ мөнгийг төлөвлөсөн байдлыг харвал ажлын байр бий болгох, боловсролыг чанаржуулж, боловсон хүчин бэлтгэхэд бус урсгал зардал нэмсэн хатуу дэд бүтцүүд эзэлжээ. Тодруулбал, шилжиж буй болон шинэ барилга байгууламж, их засвар, тоног төхөөрөмж, ТЭЗҮ гэсэн хэдхэн ангилалд хуваасан 493 ажил бий. Үүний 73 хувь нь ямар нэгэн барилга байгууламж шинээр барих, 20 орчим хувь нь засварын ажил байгаа юм.

493 ажлаас 10 нь шинжлэх ухааны салбарт, 32 нь спортын салбарын ажил. 

Үнийн дүнгийн хувьд маш зөрүүтэй.

Тухайлбал, Дархан-Уул аймгийн төвд хөл бөмбөгийн талбай бүхий спортын цогцолборын тохижилтыг 300 сая төгрөгөөр хийх бол Хэнтий аймгийн Батноров сумын Бэрх тосгонд мөн адил ажлыг 1.35 тэрбум төгрөгөөр 2020 онд бүтэн санхүүжүүлж, гүйцэтгэхээр төсөвлөсөн.

Хэнтий аймгийн Норовлин сум, Сэлэнгэ аймгийн Баянгол суманд тус тус 2 тэрбум төгрөгөөр соёлын төв барих бол Хэнтий аймгийн Хэрлэн суманд 3.17 тэрбум төгрөгөөр орон нутаг судлах музей барих гэгчлэн бүхэлдээ зардал өсгөсөн хатуу дэд бүтцэд хөрөнгө оруулахаар тусгажээ. 

Харин Азийн хөгжлийн банкны, Япон, Хятад улс манай улсын боловсролын чанарт анхаарах нь.

Тухайлбал, АХБ 50.0 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр 2018-2022 онд Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар ба хүртээмжийг дэмжих төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ ажил үргэлжилнэ. Япон Улсын 2.4 тэрбум иенийн буцалтгүй тусламж, БНХАУ-ын 250.2 сая юанийн ерөнхий боловсролын сургууль барих буцалтгүй тусламжийн санхүүжилтээр ирэх онд хэд хэдэн сургуулийг орон нутаг, нийслэлд барина. 

Боловсролын зээлийн сан гэж бий.

Тус санд ирэх онд 76.6 тэрбум төгрөг төсөвлөснөөс 33 тэрбум төгрөгийг нь Оюутны зээлд олгох юм байна. Үлдсэн нь харин гадаадад суралцах оюутнуудаа дэмжихэд зарцуулагдана. 

Товчхондоо, багш нарыг чанаржуулж, боловсролын хөтөлбөрийг сайжруулж, боловсон хүчин бэлтгэхэд хөрөнгө оруулахаас илүүтэй сонгууль угтаж, тойргуудад ямар нэгэн дэд бүтэц шинээр эхлүүлэхийг урьтал болгожээ. 

Ерөөсөө 2020 оны төсвийн төсөл бүхэлдээ ийм гэж болно. Засгийн газар 2020 оны төсвийг боловсруулахдаа Монгол Улсын тогтвортой хөгжлийн 2020, 2030 оны долоон том зорилт, Монгол Улсын нийгэм, эдийн засгийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн зорилтуудыг хэрхэн дэмжсэнийг Төсвийн шинжилгээний алба судлахад:

  • Үндсэн чиглэлийн нийт арга хэмжээний  18.2%,
  • Хүний хөгжлийг дэмжих, нийгмийн бодлогын чиглэлийн арга хэмээний 13.5 хувийг л санхүүжүүлэхээр тусгажээ. 
  • Бусад буюу эрх зүй, засаглал, гадаад бодлого, батлан хамгаалах нийт арга хэмжээний 65.5 хувийг санхүүжүүлэх дэмжлэг энэ жил байхгүй хэмээн дүгнэсэн.

Боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг чухалчлаад буйн шалтгаан нь энэ салбараас жил бүр 30 гаруй мянган оюутан ажлын байранд очихоор “бэлтгэгдэж” буй.

Харамсалтай нь салбарын бодлого ийм байгаа учраас хөдөлмөрийн зах зээлийг бүрдүүлэгч иргэд чанаргүйн дээр шаардлагатай мэргэжилтнээ бэлтгэж чадахгүй байгаагаас дипломтой ажилгүйчүүдийн тоо нэмсээр. 

Тийнхүү бэлтгэгдсэн оюутнууд ажлын байран дээр очоод нэгэнт чанаргүй боловсролоор угжуулсан тул ажил шууд хийх чадваргүй буюу дахиад компани сургаж авах шаардлага гардаг. Өөрөөр хэлбэл, ямар ч бүтээмжгүй хүчийг жил бүр үйлдвэрлэж байгаа хэрэг. 

Харин компани бол Монгол Улсын эдийн засаг. Тэдний үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээр улсын эдийн засгийн хэмжээ буюу ДНБ-ийг хэмждэг. 

Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын ДНБ 27 их наяд төгрөгт хүрснийг өнгөрсөн долоо хоногт зарлав.

Бүтээмж 2019 оны 3 дугаар улиралд урьдчилсан гүйцэтгэлээр 4.2 сая төгрөгт хүрснийг мөн мэдээлсэн. Улстөрчид эдийн засгийн үзүүлэлт сайжирч байна хэмээн ярьсаар байгаа. Үнэн хэрэгтээ маш муу байгааг нуух шаардлагагүй. 

Хүснэгт. Монгол Улстай ойролцоо хүн амтай улс орнуудын ДНБ

Улс ДНБ(тэрбум $) Хүн амын тоо(сая)
Монгол Улс 12 3.2
Уругвай 56 3.4
Литви 47 2.8
Ботсван 17 2.3
Латви 30 1.9
Сингапур 323 5.8

Үнэхээр эдийн засгаа өсөж байгаа эсэхийг улстөрчид, Засгийн газар хэмжье гэвэл ойролцоо хүн амтай орнуудтайгаа харьцуулаад харах хэрэгтэй. Бодит байдал ямар байгааг дээрх хүснэгт тодорхой харуулах болов уу. 

Үнэхээр Засгийн газар улс орныхоо хөгжлийг боддог бол ядаж алдагдалгүй төсөв батлах ёстой. Эдийн засгаа сайжруулж, хүн амдаа баялгийг тэгш хүртээе гэвэл төсөвтөө шинэчлэл хийж, суурь асуудалдаа анхаарах байв. Харамсалтай нь 1.26 их наяд төгрөгөөр хэмнэх боломж байсаар байтал УИХ ямар ч орлдлого хийсэнгүй, 3 орчим их наяд төгрөгийн алдагдалтай төсвийг олонхоороо баталсан. 

Монгол Улс 2020 онд 11 их наяд 797.8 тэрбум төгрөгийн орлого олно гэж Засгийн газар маань итгэж байгаа билээ.

Ингэхдээ бизнес эрхлэгч, ажилчдын татварыг нэмэгдүүлж байгааг дурдах хэрэгтэй.

Харин зардлаа 13.9 их наяд төгрөг байхаар төсвөө баталсан юм. Төр баригчид нэг ч бүтээгдэхүүн үйлдвэрлэдэггүй байж ДНБ-ийн тал хувьтай тэнцэх хэмжээний зардал боловсруулах нь хэр зөв бэ?

Зураг
13 | 16 | 17 цаг