Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/07-НД НИЙТЛЭГДСЭН

Төсвийн зардлыг ₮1.26 их наядаар бууруулах боломжтой гэж үзжээ

Б.Жаргалмаа, IKON.MN
2019 оны 11 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Ирэх оны төсвийг 2.075 их наяд төгрөгийн алдагдалтай байхаар Засгийн газар боловсруулж, УИХ-д өргөн барьсан. Нэг ёсондоо Засгийн газар сонгуулийн жилд Монгол Улсын өрийг 2 их наяд төгрөгөөр дахин нэмэхээр төлөвлөөд буй юм.

Тэгвэл орлогоосоо давсан уг зардлыг Үндэсний аудитын газар болон Төсвийн хяналтын хороо аль аль нь дор хаяж нэг их наяд төгрөгөөр бууруулах боломжтой гэсэн санал гаргажээ. Ялангуяа, Үндэсний аудитын газар 2020 оны төсвийн зардлыг 1.260 их наяд төгрөгөөр бууруулах боломжтой гэж үзсэн талаар өчигдөр болсон Төсвийн зардлын дэд хорооны хурлаар танилцуулсан юм.  

Манай улсын эдийн засаг уул уурхайд түшиглэдэг буюу экспортын 90 орчим хувийг шингээж байдаг БНХАУ-аас шууд хамааралтай. Тэгвэл урд хөршийн эдийн засгийн өсөлт 2020 онд өөдрөг бус хүлээлттэй буюу олон улсын санхүүгийн байгууллагууд таамгаа бууруулаад байгаа.

Мөн дэлхийн эдийн засгийн 30 хувийг бүрдүүлдэг БНХАУ, Америк гүрний хоорондох худалдааны дайн буюу гадаад орчны тодорхой бус байдал олон улсын эдийн засагт нөлөөлсөөр байгаа. Ялангуяа, түүхий эдийн ханшийн нөлөөг Монгол Улс зайлшгүй харгалзах учиртай. 

График 1. Төсвийн орлого (тэрбум төгрөг)

Харин Монгол Улсын Засгийн газар төсвийн тэнцвэржүүлсэн орлогоо өнгөрсөн оныхоос 22%-ийн өсөлттэй байна хэмээн хэт өөдрөг төсөөлжээ. Манай улсын эдийн засаг хамгийн сайн үзүүлэлттэй байгаа 2019 онд төсвийн орлогоос ийм хэмжээгээр илүү байна гэж тооцсон гэсэн үг. Тийм учраас зардлаа ч мөн 21% өсгөхөөр төлөвлөөд байна. Тэр дундаа хөрөнгө оруулалтын зардал өнгөрсөн жил 1.68 их наяд төгрөг байсан бол үүнийг 3.679 их наяд болгож, 119% нэмэгдүүлээд буй. 
 
График 2. Төсвийн зардал ба алдагдал (тэрбум төгрөг)

Монгол Улс төсвөө өөдрөг төсөөлөх дуртай. Ялангуяа, сонгуулийн өмнөх жилд хэт өөдрөг төсөөлдөг ч бодит орлого нь түүндээ хүрэхгүй байснаас улсын өр зузаарсаар ирснийг дараах тоонууд харуулж байна.  

Хүснэгт. Төсвийн төсөөлөл ба бодит орлого (их наяд төгрөг)

Төсөөлөл хийсэн огноо 2012 2013 2014 2015 2016
2011.07.09 4.18 4.6 4.82    
2011.11.30 5.83 6.41 6.66    
2012.05.22   7.47 8.86 10.2  
2012.10.25   7.09 8.48 9.84  
2013.05.24     7.27 8.21 9.46
2013.11.14     6.88 8.21 9.45
2014.05.23     6.9 7.2 7.32
2014.05.30       7.2 7.32
2015.01.23       6.63 6.88
2015.05.21       6.07 6.64
2015.10.30         6.98
2015.11.13         7.01
2016.09.09         5.35
Бодит орлого 4.88 5.94 6.28 5.97 5.85

Тэгвэл 2020 оны төсвийн төсөл боловсруулахдаа Засгийн газар Монгол Улсын тогтвортой хөгжлийн 2020, 2030 оны долоон том зорилт, Монгол Улсын нийгэм, эдийн засгийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн зорилтуудыг хэрхэн дэмжсэнийг Төсвийн шинжилгээний алба судлахад 

  • Үндсэн чиглэлийн нийт арга хэмжээний - 18.2%
  • Хүний хөгжлийг дэмжих, нийгмийн бодлогын чиглэлийн арга хэмээний 13.5 хувийг л санхүүжүүлэхээр тусгажээ. 
  • Бусад буюу эрх зүй, засаглал, гадаад бодлого, батлан хамгаалах нийт арга хэмжээний 65.5 хувийг санхүүжүүлэх дэмжлэг энэ жил байхгүй хэмээн дүгнэсэн байна. 

Боловсролын салбарын төсвийн хөрөнгө оруулалт тэр чигтээ хатуу дэд бүтцийг гол болгожээ

Боловсролын салбарт ирэх онд дотоод, гадаад нийлсэн эх үүсвэрээр 716.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэх нь. Үүний 622.3 тэрбум нь улсын төсвийн хөрөнгө оруулалт. Гэвч энэ мөнгө тэр чигтээ байшин, барилга буюу урсгал зардал нэмэх төсөлд зарцуулагдахаас биш багш нарын урч чадварыг дээшлүүлж, боловсролын хөтөлбөрийн агуулга, чанарыг сайжруулж, чанартай боловсрол олгох буюу бүтээлч сэтгэлгээ, бүтээмжтэй ажиллах хүчний хөгжлийг дэмжих бодлого алга гэдгийг Төсвийн зардлын дэд хорооны дарга, УИХ-ын гишүүн З.Нарантуяа шүүмжилсэн.

Өөрөөр хэлбэл, БСШУС-ын сайд энэ жилийн бодлогоо материаллаг буюу хатуу дэд бүтцэд зарцуулахаар төлөвлөжээ. Тухайлбал, Архангай аймгийн Батцэнгэл, Өлзийт, Өгийнуур, Хашаат, Хотонт, Хайрхан, Цэцэрлэг, Эрдэнэмандал сумдын Улаанбаатар хот дахь оюутнуудын дотуур байрыг Хан-Уул дүүрэгт 6 тэрбум төгрөгөөр барихаар төлөвлөсөн бөгөөд 3 тэрбумыг нь энэ жилийн төсөвт суулгасан бол Хэнтий аймгийн Хэрлэн суманд Орон нутаг судлах музей барихад 3.17 тэрбум төгрөг 100% олгохоор төсөвлөсөн байна. Гэх мэтчилэн салбарын яамд энэ жил бүгдээрээ барилга байшин барих, хатуу дэд бүтцэд хөрөнгө оруулах саналаа Сангийн яаманд хүргүүлжээ.