Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/10-НД НИЙТЛЭГДСЭН

Хүн бүр өдөрт 15 минут илүү алхвал дэлхийн эдийн засагт том өсөлт гарна

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 11 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Хүмүүсийн дасгал хөдөлгөөн эдийн засагт хэрхэн нөлөөлдгийг судалсан эрдэмтэд нэгэн сонирхолтой дүгнэлтийг хийжээ.

Vitality эрүүл мэндийн даатгалын групп болон RAND Europe судалгааны байгууллага хамтран дэлхийн долоон орны 120,000 хүний мэдээлэл дээр үндэслэн уг судалгааг хийсэн байна.

Хүн бүр өдөрт 15 минут илүү алхвал дэлхийн эдийн засаг жилийн дотор $100 тэрбумаар өсөхийг энэ судалгаа харуулжээ.

Хүмүүсийн хөдөлгөөн нэмэгдсэнээр наслалт уртсах буюу ингэснээр эдийн засагт илүү их хувь нэмэр оруулдаг болно. Мөн ажилтнуудын өвчлөлт багасаж, хөдөлмөрийн бүтээмжид эерэг нөлөө үзүүлэх ажээ.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас гаргасан зөвлөмжинд насанд хүрсэн хүн долоо хоногт 150 минутын ердийн хэмнэлтэй дасгал, эсвэл 75 минутын эрчимтэй дасгал хийх ёстойг заасан байдаг.

Гэтэл АНУ-ын насанд хүрэгчдийн 40 хувь, Британийн 36 хувь, Хятадын 14 хувь хангалттай дасгал хөдөлгөөн хийдэггүй гэсэн тоо бий.

Дээрх судалгааны дүгнэлтээр бол дэлхийн 18-64 насны бүх хүн өдөрт 15 минут илүү алхдаг болбол дэлхийн эдийн засгийн хэмжээ жилд $100 тэрбумаар өсөх тооцоо гарчээ.

Үүнээс гадна дасгал хөдөлгөөн хийдэггүй 40 настнууд өдөрт 20 минут эрчимтэй алхаж эхэлбэл насаа 3.2 жилээр уртасгах боломжтой гэсэн байна.

 

Эх сурвалж: Reuters