Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/05-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Оюун: Оюу толгойн мөнгийг гадны банкуудаар дамждаг болгож, санхүүгийн мөлжлөгт Монголыг өртүүлсэн хүмүүст хариуцлага тооцох ёстой

Өдрийн сонин
2019 оны 11 сарын 5
Өдрийн сонин
Зураг зураг

МУИС-ийн эдийн засагч судлаач, доктор Л.Оюунтай ярилцлаа.

-Монгол Улс саяхан саарал жагсаалтад орлоо. Саарал жагсаалтад орох нь тийм ч аюултай биш сануулга, айгаад байх юмгуй гэж эрх баригчдын зүгээс тайлбарлаад байгаа. Эдийн засагч хүний хувьд ямар байр суурьтай байна вэ?

-Олон улсын байгууллагын зүгээс улс орнуудыг санхүүгийн хувьд найдвартай, итгэж болох уу гэдэг тал дээр үнэлгээ өгдөг. Саарал жагсаалт бол ерөнхийдөө Монгол Улсад ил тод байдал шударга ёс сайн биш итгэхэд асуудалтай гэсэн дохио байгаа юм. Тэгэхээр үүнийг засаж залруулахгүй үл тоох юм бол олон улсын үнэлгээ муудна.

Олон улсын үнэлгээ муудахаар олон улстай Монгол Улс хамтран ажиллахад хүндрэл хязгаар бэрхшээл гарч ирнэ. Тоохгүй өнгөрөөж болохгүй. Харин саарал жагсаалтад орсон шалтгаануудыг маш хурдан хугацаанд засаж байж саарал жагсаалтаас гарах арга хэмжээ авна.Бид итгэж болохгүй гээд үнэлүүлчихлээ. Үүнээс хэзээ нэгэн цагт гарах хэрэгтэй. Гэхдээ хурдан гарах нь чухал.

Гарахын тулд тодорхой шалгуурууд тавьсан, түүнийгээ шалгаж үзээд засах арга хэмжээ авах хэрэгтэй. Биелээгүй дөрвөн шаардлагын дотор салбаруудын эрсдэл үнэлэгдээгүй.

Тайлангаа 2017 оноос өгдөг, гэхдээ эрсдэлгүй хэмээн өөрсдөө тодорхойлоод байгаа болохоос биш эрсдэлгүй гэдгээ юугаар ч баталж чадахгүй байгаа. Санхүүгийн салбарт ямар нэгэн аргаар хяналт шалгалт хийсэн гэхдээ яг ямар ч эрсдэлгүй гэдгээ батлах хэрэгтэй.

Бид дотооддоо засаж чадахгүй байгаа юм чинь гаднаас ирсэн санамжийн дагуу нийгмийг цэвэрлэх хэрэгтэй. Ингэхдээ хугацаа, хүсэл сонирхол хэрэгтэй. Монгол Улс эцсийн дүндээ хохирох учраас эрх мэдэлтэй хүмүүс өөр өөрсдийн хүрээнд энэ дутагдлыг засах ёстой.

-Саарал жагсаалтад орохгүй байх боломж байсан уу. Ямар арга хэмжээ авсан бол үүнд орохгүй байсан бэ?

-Санхүүгийн хамтран ажиллах тал дээр өгч байгаа үнэлгээ учраас Манайд эргэлзээтэй асуудлууд зөндөө байсан. Миний харж байгаагаар улсын хөрөнгийг идэж шамшигдуулдаг, шударга бусаар мөнгө олдог, бие биеэ гадаадад байршуулдаг үзэгдэл бол олон улсад байж болохгүй.

Байж болохгүй асуудал баЙгаад түүн дээр арга хэмжээ авахгүй байгаа нь яалт ч үгүй мөнгө угааж болох терроризмыг санхүүжүүлж байж мэдэх ийм үзэгдэл байгаа юм. Үүнд гадныхан ач холбогдол өгсөн байж болзошгүй гэж үзэж байна.

Төрд ажилласнаараа тэрбумтан болдог, бизнес хийгээгүй байж ч төчнөөн доллар олдог. Түүнийгээ гадаадад нуудаг. Тэгэхээр Монгол Улсын эдийн засагт ялзрал явагдаж байгааг харуулж байна.

Ямар ч тэгш бус байдал бий болсон албан тушаалаараа мөнгө олдог үзэгдэл байгаа нь үнэхээр эдийн засаг маш зохицуулалтгүй болчихсон. Хаанаас ч хяналт тавьж болдоггүй гэдгийг харуулж байгаа юм.

Юуны өмнө шударга бус аргаар мөнгө олдог байдлыг таслан зогсоох нь чухал байсан. Ер нь хариуцлага гэдэг зүйл монголд байхаа больчихсон. Хариуцлага хүлээдэг ийм тогтолцоо бий болсон бол саарал жагсаалтад орохгүй байх байсан. Манайх тендер, төсөл хөтөлбөрөөр ихэнх нь хөрөнгөжөөд байгаа. Түүнийгээ нуучихдаг, мөнгө олж авч чаддаг энэ бүхнийг зогсоож чадсан бол орохгүй байсан.

-Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн асуудал олны анхаарлыг татаад байгаа. Үүсээд байгаа нөхцөл эдийн засагт яаж нөлөөлж байна вэ. Таны байр сууринаас үзвэл?

-Эдийн засагт тэгш байдал хамгийн чухал юм. Тэгш бус байгаад эхэлбэл маш том гажуудал үүснэ. Аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулахад эдийн засгийн болоод хуулийн тэгш орчинтой байх ёстой. Татвар гэхэд ижил түвшинд, ижил орчинд ажиллаж байгаа нь ижил төлөх ёстой. Гэтэл заримыг нь давхар татвар аваад, заримаас нь бага татвар аваад байгаа нь тэгш бус байдлыг бий болгож байгаа юм.

Жишээлбэл, Хятад руу нүүрс ачуулахад таван хувийн татвар авдаг хэдий ч Монголд боловсруулах үйлдвэр байгуулах, өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд нийтдээ арав гаруй хувийн татвар авч байгаа нь тэгш бус байдлыг үүсгэж байна.

-Зарим эдийн засагчид 2020 онд Монгол Улс өр төлбөрөө дарж чадахгүй учир дефолт зарлана гэж яриад байгаа. Таны харж байгаагаар ирэх жилүүдэд манай улсын эдийн засаг ямар байх төлөв ажиглагдаж байна вэ?

-Гаднаас авсан зээл, санхүүжилтийн мөнгө орлого олох юманд зарцуулагдаагүй ирсэн. Бид эргээд төлөх гэтэл тэр мөнгөө орлого олоогүй учир өөр үүсвэр хайхаас өөр аргагүй. Орж ирсэн мөнгөөрөө яаж орлого бүтээсэн, яаж түүнээсээ доллар олох вэ гээд шат дараалсан тусгай хөтөлбөр гаргаад зээлээ төлөх ёстой. Өр гээд ярихаар тайлбар хиймээр байдаг. Өр гэдэг нь хугацаандаа төлж чадаагүй зээлийг хэлдэг.

Тэгэхээр манайд гаднаас авсан зээлээ хугацааг нь хэтрүүлсэн зүйл хараахан байхгүй. Гэхдээ эрсдэл байгаа. Энэ мөнгөөр юу хийсэн ямар экспортын бараа үйлдвэрлэсэн хэдэн доллар орж ирсэн гэдэг нь байхгүй. Дээрээс нь зээлсэн мөнгөний хугацаа, зээлсэн мөнгөө зарцуулаад олсон орлого нь хугацааны хувьд зөрчихөж байгаа учраас манайх төлөх нь эргэлзээтэй. Энэ нь санаа зовох асуудлын нэг мөн.

Гэтэл бид мэдээжийн зарчмыг алдагдуулаад ирчихсэн. Хэрхэн менгөе олох тал дээр салбараа тодорхойлоод тэндээ мөнгеө төвлөрүүлээд тэндээсээ төлөөд үлдсэн ашгаараа дараагийн салбараа хөгжүүлэх гэсэн шат дараалсан бодлого байхгүй байсан.

“Олоод ирлээ ура” гэсэн дур дураараа зарцуулж байсны гай ингээд гараад эхэлнэ. Энэ бүгдийг хяналтдаа авах хэрэгтэй. Тэгэхгүй бол дураараа мөнгө угаах, магадгүй терроризмыг санхүүжүүлэхэд шууд бусаар ч гэсэн оролцоод байна. Монгол Улсыг аврахын тулд эрх мэдэлтнүүд хариуцсан газартаа санхүүгийн тогтолцоог цэвэрлэхийн тулд журам дүрмээ гаргаад хэрэгжүүлэх нь чухал

-Одоогийн сангийн сайд Оюу толгойн мөнгийг Монголынхоо банкуудаар дамжуулахын эсрэг байр суурьтай олон жил явсан. Ер нь Оюу толгойн мөнгийг Монголоор дамжуулах нөхцөл тухайн үед байсан уу. Яагаад дамжуулаагүй юм бол?

-Оюу толгой шиг ийм том төсөл эхэлсэн л бол манай санхүүгийн салбар буюу үнэт цаасны зах, арилжааны банкууд ямар нэг хэлбэрээр заавал оролцох ёстой. Ийм нөхцөл шаардлагыг манай улсаас заавал тавих ёстой байдаг. Оюу толгойн төсөл эхэлснээс хойш яг ийм шаардлагыг зарим хүмүүс үе, үе тавьсаар ирсэн.

Хамгийн сүүлд Ч.Хүрэл-баатар нарын зарим хүмүүс “Гадны банкийг хүлээн зөвшөөрөхгүй, дотоодын банкийг хүлээн зөвшөөрнө гэчихээр ямар ч хөрөнгө оруулагч орж ирэхгүй. Учир нь Монголд хөрөнгө оруулж байгаа аж ахуйн нэгжүүд Монголын арилжааны банкуудаас зээл авъя гэхээр зээл өгөх банк олдохгүй.

Нэг үгээр хэлбэл, бид үйл ажиллагаа явуулж буй компаниудын эрх чөлөөг хязгаарлаж байна гэсэн үг. Тэгэхээр валютын нөөцийг нэмэгдүүлэхгүй. Харин ч Монголоос хөрөнгө оруулалт зугтах сөрөг зүйл гэж үзэж байна” гэсээр энэ асуудал гадныхны талд хэвээр үлдэж байсан. Харин одоо энэ хүн Сангийн сайд болсон.

Ер нь хөрөнгө оруулагч талууд хамтран ажиллана гэдэг харилцан ашигтай байхыг хэлнэ. Аль нэг талдаа давуу байдал үүсгэх юм бол энэ хамтын ажиллагаа бус мөлжлөг гэж үздэг. Энэ мөлжлөгт хүргэсэн олон хүн бий. Тэдний нэг нь одоогийн Сангийн сайд гэсэн үг. Тэгэхээр манайд ашигтай байх болзлыг тавьдаг түүнийг хэрэгжүүлэх тал дээр арга хэмжээ авдаг байх ёстой.

Хэтэрхий нэг талаа барьсан, нэг талын үгээр асуудлаа шийдээд байгаа нь л бидний буруу.Оюу толгойн мөнгийг гадны банкуудаар дамждаг болгож, санхүүгийн мөлжлөгт Монгол Улсыг өртүүлсэн хүмүүст хариуцлага тооцох ёстой.

-Монголын аль нэг банкаар дамжуулж чадсан бол өнөөдрийн ийм бэрхшээл эдийн засагт учрах байсан уу?

-Оюу толгойн төлбөр тооцоо бол Монголын банкуудаар дамжуулж явж байх ёстой. Гэтэл Оюу толгой тэр үедээ манай талд тавьж байхад танай арилжааны банкууд энэ их хэмжээний мөнгийг эргэлтэд гаргах чадвар байхгүй гэдэг тайлбар тавьж байсан.

Манай арилжааны банкуудаар дамжуулаад гадагшаа, дотогшоо урсгалын мөнгийг гаргаж байсан бол манай банк санхүүгийн хувьд хүчирхэг болох боломжтой байсан. Тэр үед татгалзаж байсан. Харин одоо арилжааны банкууд тэр үеийнхээс чадваржаад эрсдэл даах чадвар нь нэмэгдээд явж байхад Монголын банкуудаар энэ төлбөр тооцоог хийж байх ёстой.

Банкууд нь гологдоод байвал банк банкууд дээр данс нээгээд дансаар нь ганц хоёр дансаар бүх банкуудыг татан оролцуулаад гүйлгээг хийх ёстой. Тэгэхгүй бол Оюу толгой гэдэг том нөөцөө ашиглуулж байгаагийн хувьд санхүүгийн салбарт болон бусад аж ахуйн нэгжүүдэд дэмжлэг болохгүй байна.

Миний бодлоор Монголын чадваргүй гэдэг тал дээр нь дөрөөлөөд Монголд ашигтай зүйлийг хийж өгөхгүй байна гэж харж байна.

 

Ярилцсан: Л.Анар

Зураг