Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/20-НД НИЙТЛЭГДСЭН

Британийн засгийн газар “Brexit”-ийг хойшлуулах хүсэлтээ Европын Холбоонд илгээжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 10 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гарагт Их Британи, Европын Холбооны төлөөлөгчид “Brexit”-ийн гэрээний нөхцлийг тохиролцож чадсанаа зарласан билээ.

Үүний дараа талууд гэрээгээ хоёр талын парламентаар хэлэлцүүлж, дэмжүүлэх ажилтай болсон юм. Өчигдөр буюу Бямба гарагт Британийн парламент хуралдаж, ерөнхий сайд Борис Жонсоны санал болгож буй гэрээг дэмжих эсэх асуудлаар санал хураалт явуулах байв.

Гэвч парламент уг гэрээний төслийг хэлэлцсэнгүй. Харин оронд нь аравдугаар сарын 31-нээс өмнө гэрээг байгуулж чадахгүй бол Британи улсыг Европын Холбооноос гаргах үйл явцыг хойшлуулах хүсэлтийг Брюссельд тавих шийдвэр гаргажээ.

Парламентын гаргасан шийдвэрийн дагуу Борис Жонсон Европын Холбоонд хандаж, захидал бичих ёстой болсон юм.

Шийдвэрийн дараа Борис Жонсон “Хэдийгээр хууль ингэхийг шаардаж байгаа ч би Brexit-ийг хойшлуулах асуудлаар Европын Холбоотой ярилцаж чадахгүй. Ингэж хойшлуулах нь энэ улс оронд, Европын Холбоонд, ардчилалд маш муу үр дагавартай гэдгийг би ерөнхий сайд болсон цагаасаа хойш үргэлж хэлж байгаа” гэж парламентад хандаж мэдэгдсэн байна.

Тэрээр гэрээний төслөө ирэх долоо хоногийн Мягмар гарагт хэлэлцүүлэхээр дахин өргөн барих бөгөөд энэ удаа парламентын дэмжлэгийг авч чадна гэдэгтээ итгэлтэй байгаа гэнэ.

Борис Жонсоны гэрээг парламент ирэх долоо хоногт багтаж дэмжсэн ч Европын Холбоотой тохиролцсон хугацаа болох аравдугаар сарын 31-нээс өмнө баталж амжихгүй гэж Британийн хууль тогтоогчдын олонх үзэж байна.

Өмнөх ерөнхий сайд Тереза Мэй өөрийн гэрээний хувилбарыг парламентаар дэмжүүлэх гэж гурван удаа оролдоод чадаагүй тул огцорч байв.

Тиймээс “Brexit”-ийн хямрал цааш сунжрах магадлалтай боллоо.

Бямба гарагийн үдээс хойш тус улсын засгийн газар “Brexit”-ийг хойшлуулах хүсэлтээ Европын Холбоонд илгээсэн байна. Гэхдээ уг хүсэлтэд ерөнхий сайд Борис Жонсон гарын үсэг зуралгүй илгээжээ.

Парламентын ордонд үйл явц ингэж өрнөж байхтай зэрэгцэн anti-Brexit хөдөлгөөний хэдэн арван мянган дэмжигчид өчигдөр Лондон хотын төвд жагсаал зохион байгуулж, Европын Холбооноос гарах эсэх асуудлаар хоёр дахь удаагаа бүх нийтийн санал хураалт зохион байгуулахыг уриалжээ.

2016 онд болсон анхны санал хураалтаар Британичууд Европын Холбооноос улс орноо гаргахыг дэмжсэн юм. Харин одоо хоёр дахь удаагаа зохион байгуулбал эсрэг санал дэмжигдэж болзошгүй болоод байна.

 

Эх сурвалж: Reuters