Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/18-НД НИЙТЛЭГДСЭН

"Төрийн албан хаагчдаас өргөсөн тангарагаа цээжээр мэдэх үү гэж асуувал ихэнх нь "мэдэхгүй" гэж хариулах байх"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2019 оны 10 сарын 18
iKon.MN
 
Гэрэл зургийг Mpa.mn

Нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчдын ёс зүйн форум өнөөдөр боллоо.

Тус форумд нийслэлийн төр захиргааны нийт 110 албан хаагч оролцлоо.
Төрийн албан хаагчийн өргөсөн тангарагтаа үнэнч, ёс зүйтэй байдал нь маш чухал
 
Гэрэл зургийг Mpa.mn

АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Д.Дуламсүрэн “Төрийн албан хаагчийн ёс зүйтэй холбоотой асуудал нь өөрөө маш эмзэгт тооцогддог. Учир нь төрийн албан хаагч ёс зүйн доройтолд орвол авлигын эрсдэлд өртөх магадлал үүснэ гэсэн үг.

Төрийн албан хаагч бол авлигад өртөх эрсдэлтэй ажлын байр гэсэн олон улсын судалгаа байдаг. 

Энэ нь хувь хүн өөрөө эрсдэлтэй хүн биш бөгөөд худалдан авах ажиллагаа хариуцсан, хүний нөөцийн томилогоо хийдэг, шийдвэр гаргах түвшний ажил эрхэлдэг хүмүүсийн ажлын байрыг эрсдэлтэйд тооцож тухайн ажлын байранд ажиллах хүмүүсийг тусгайлан сургах, хяналтыг сайжруулах шаардлагатай гэж үздэг юм.

Тиймээс л төрийн албан хаагчдыг ёс зүйн чиглэлээр байнга сургаж дадлагажуулах шаардлагатай байгаа юм. Ингэж байж тэд өөрийн өргөсөн тангарагтаа үнэнч байж, хуулиа дээдэлж, ёс зүйн зөрчлөөс ангид байж чадна.

Өндөр хөгжилтэй ёс зүйн стандарт нь төлөвшчихсөн улс орнуудад үнэт зүйлээ дагаж мөрдөж буй зарчимд суурилсан хандлагыг түлхүү баримталдаг бол манай улс хууль тогтоомжоо дагаж мөрдөх, түүнд нийцэж ажиллахыг түлхүү барьж байгаа.

Төрийн албан хаагчийн өргөсөн тангарагтаа үнэнч байдал болон ёс зүйтэй байдал нь маш чухал. Өнөөдөр тэднээс өргөсөн тангарагаа цээжээр мэдэх үү гэж асуувал ихэнх нь мэдэхгүй л гэж хариулах байх.

Тиймээс төрийн албан хаагчийг тангарагийнхаа нь дагуу ажиллаж байгаад болон хууль тогтоомжид заасан зарчмаа баримталж буй эсэхэд байгууллагууд тасралтгүй судалж, арга хэмжээ авч байх шаардлагатай.

Авлигын эрсдлээс хамгаалах асуудал нь зөвхөн АТГ-ын ажил гэж ойлгож, хязгаарлаж болохгүй.

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт төрийн албан хаагчдыг шат дараатай системтэй сургана. Ялангуяа ёс зүйг нь дээшлүүлж, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байлгана гэсэн цөм стратеги бий” гэв.

Авлигатай тэмцэх газар 2019 оны гуравдугаар улиралд албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчлийг шалгуурахаар хандсан нийт 538 өргөдөл, гомдол, мэдээллийг хүлээн авжээ.

Төрийн албаны үнэт зүйлсийн талаар ярих болсон нь албан хаагчдын төрдөө итгэлгүй, үнэнч биш байдалтай холбоотой
 
Гэрэл зургийг Mpa.mn

Удирдлагын акедемийн багш, доктор, дэд профессор А.Алтанзул “Төрийн албан хаагчдын хариуцлага ёс зүйг дээшлүүлвэл хамгийн түрүүнд төрийн албаны тогтолцоог маш сайн хууль тогтоомжид оруулах хэрэгтэй.

Ялангуяа төрийн албаны үнэт зүйлсийг бид бүх шатанд, үндсэн хуулийн түвшинд зохицуулах шаардлагатай гэж үзэж байна.

Өнөөдөр төрийн албаны үнэт зүйлсийн талаар ярих болсон нь албан хаагчдын төрдөө итгэлгүй, үнэнч биш байдалтай холбоотой. Гэхдээ үүнийг шууд хувь хүнийх нь ухамсартай холбож дүгнэж болохгүй.

Учир нь манай 4 жилд нэг удаа сонгууь болсны дараа төрийн албаны бүтэц тогтолцоог өөрчилж, албан хаагчдыг солих явдал бий болдог.

Энэ тогтолцооны хямрал нь эргээд төрийн албан хаагчдынхаа ухамсар, ёс зүй, мэдлэг, ур чадварт нь нөлөөлдөг.

Тиймд юуны өмнө бид төрийн албаны суурь тогтолцоог үндсэн хуулийн суурь үнэт зүйл болгож л явах ёстой. Төрийн албан хаагчийг солигдоход цаашлаад иргэдийн үйлчилгээ авах амгалан тайван байдалд ч өөрчлөлт ордог” гэсэн юм.

Иргэдээс ихэвчлэн албан хаагчид харицлааны соёлгүй, ёс зүйгүй харьцаж байна гэсэн гомдол мэдээлэл ирдэг нь ажиглагдсан 

Судлаач В.Чимгээ “Судалгааны баг маань нийслэлийн ЗДТГ-ын санаачилгаар Азийн сангийн дэмжлэгтэйгээр нийслэлийн Төрийн захиргааны байгууллагуудын алыан хаагчдын ёс зүйн зөрчилтэй холбоотой гомдол мэдээллийг хэрхэн шийдвэрлэдэг болон ёс зүйн хороодын үйл ажиллагаа ямар байгааг судалж, дүгнэсэн.

Судалгааны явцад нийслэлийн ёс зүйн хороодод иргэдээс ихэвчлэн "албан хаагчид харицлааны соёлгүй буюу ёс зүйгүй харьцаж байна" гэсэн гомдол мэдээлэл ирдэг нь ажиглагдсан бөгөөд ёс зүйн хороодын үйл ажиллагаа нь жигд бус гэсэн дүгнэлтийг хийсэн.

Учир нь ёс зүйн хороодод иргэдийг заавал оролцуулсан байхаар зохицуулалт бий. Гэвч ёс зүйн хороодыг байгуулахдаа тухайн байгууллагад ажилладаг албан тушаалтныг зааж, бүрдүүлсэн байна.

Өөрөөр хэлбэл, үүнд хөндлөнгийн ямар нэг субьектийн оролцоо байхгүй байна гэсэн үг" гэлээ.

Дэлхийн аль ч улсад төрийн байгууллагын албан хаагчдын ёс зүйг дээшлүүлэхэд анхаардаг

НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн мэргэжилтэн Т.Бат-Оргил “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр, авилгын эсрэг нийслэлийн хөтөлбөрүүдэд шударга, хариуцлагатай ил тод төрийн албыг бэхжүүлэх, төрийн албан хаагчийн ёс зүй сахилга хариуцлагыг дээшлүүлэх чиглэлийн зорилт бий.  

Энэ зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд холбогдох төрийн байгууллагуудаас тодорхой ажил, арга хэмжээг зохион байгуулдаг.

Үүний нэг нь өнөөдрийн форум юм. Энэ форумыг хоёр үе шаттай зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд ирэх сард нийслэлийн удирдах албан тушаалтнууд хамрагдана.

Төрийн албан хаагчдын ёс зүй, сахилга, хариуцлага муудсанаар төрийн үйлчилгээг хүртэж байгаа иргэд, олон нийтэд хамгийн их нөлөөлж, хүндээр тусдаг. Үүнээс шалтгаалан олон сөрөг үр дагаврууд нийгэмд бий болох магадлал бий.

Тиймээс дэлхийн аль ч улсад төрийн байгууллагын албан хаагчийнхаа ёс зүйг дээшлүүлэхэд анхаардаг" гэв.