Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/01-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Очбаяр: Музейн барилгыг шууд буулгаж болохгүй

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 10 сарын 1
iKon.MN
 
Гэрэл зургийг MPA.mn

Монгол Улсын Засгийн газраас Байгалийн түүхийн музейг нураах шийдвэр гаргаад байгаа билээ.

Мөн Улсын драмын эрдмийн театр, Төв номын сан, Дуурь бүжгийн эрдмийн театрын барилгыг шинээр барих тухай мэдээлэл олон нийтэд тараад буй. 

Тэгвэл үүнийг эсэргүүцэж буй иргэд "Соёлын өвөө хамгаалцгаая” сэдвээр өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Одоогийн байдлаар Драмын болон Дуурийн театр, Төв номын сангийн барилгыг буулгах эсэх шийдвэр гараагүй болохыг сануулж байна.
Байгалийн түүхийн музейн нурах дүгнэлт үндэслэлтэй байх ёстой
 
Гэрэл зургийг MPA.mn

Улаанбаатар иргэдийн форумын удирдах зөвлөлийн гишүүн Б.Цацрал "Эдгээр барилгуудын талаар мэргэжлийн хяналтаас гаргасан дүгнэлтэд нураагаад шинэчлэн барих утгатай зүйл байхгүй. Дүгнэлт зэргээр иргэдийг төөрөгдүүлэх байдалд төр засгийнхан их оруулж байна.

Шаардлагатай гэвэл гаднын мэргэжилтнүүдийн дүгнэлт гаргуулж, экспертүүдийн үгийг сонсож хэрхэн хадгалж, хамгаалах тухай асуудлыг ярих ёстой.

Хот гэдэг гэдэг иргэдийн оролцоо, дурсамжаар бүтсэн газар байдаг тул эдгээр дурсгалт өв соёлыг шууд нураах явдлыг эсэргүүцэж байна.

Иймд уг асуудалд иргэд өөрсдийнхөө байр суурийг илэрхийлж,  мэргэжилтнүүдийнхээ үгийг сонсох уриалга гаргаж байна. Байгалийн түүхийн музейн нурах дүгнэлт үндэслэлтэй байх ёстой. Хуулиа хэрэгжүүлэхийг хүсэж байна. Нураах амархан ч дахиж барина гэдэг хэцүү юм" гэлээ. 

Түүхэн соёлын өвийг хоёр тохиолдолд нураадаг
 
Гэрэл зургийг MPA.mn

Монгол туургатан төв холбооны удирдах зөвлөлийн гишүүн Э.Одбаяр "Байгалийн түүхийн музейн хүчитгэлийг хийх боломжтой болохыг мэргэжлийн хүмүүс нь санал дүгнэлтээрээ хэлсэн. Хамгийн гол нь тус музейг арчилж, тордоогүй зургаан жил зөнд нь хаясны үр дүнд гадна шавар фасад нь хууларсан байдалтай харагдаж байгаа юм.

Барилгуудыг нураалгахгүй байх талаар бид шүүхэд нэхэмжлэл гаргаж, БСШУСЯ-нд шаардлага хүргүүлсэн. Олон улсын соёлын өвийн байгууллагуудад албан ёсоор хандана. Байгалийн түүхийн музейг хүчитгэх бүрэн боломжтой. Гэтэл газрыг нь суллаж авах зорилгоор түүхэн гурван газрыг золиослох гэж байна. 

Дотор нь ажиллаж байгаа хүмүүсийн  нөхцөл байдлыг ойлгож байна. Үнэхээр шинээр барих төсөв мөнгө нь байгаа бол хотын өөр байршилд шинээр орчин үеийн барилга барих хэрэгтэй. Байгаа зүйлээ үгүй хийгээд дахиж шинээр барина гэдэг нь утгагүй зүйл. 

Түүхэн соёлын өвийг дараах хоёр тохиолдолд нураадаг. 

  1. Дайн байлдааны үед ор үндэсгүй устсан тохиолдолд зураг баримтад нь тулгуурлан бүтээдэг  
  2. Террорист үйл ажиллагааны явцад устаж үгүй болсон тохиолдолд нураадаг

Иймд одоо байгаа барилгаа устгах юм бол энэ нь өөрөө террорист үйл ажиллагаа болж буй хэрэг” гэв.

Гадны оронд нүүрэн фасадыг нь авч үлддэг туршлага байдаг
 
Гэрэл зургийг MPA.mn

Улаанбаатар хотын музейн эрдэм шинжилгээний ажилтан Г.Очбаяр "Эдгээр түүхэн дурсгалт газруудыг сэргээн засварлах, хамгаалж үлдэх маш олон арга бий. Байгалийн түүхийн музей, Улсын драмын эрдмийн театр, Төв номын сан, Дуурь бүжгийн эрдмийн театр нь Монголын орчин цагийн түүхийг харуулсан ач холбогдолтой барилгууд юм.

Хот доторх хуучин барилгаар иргэдийнхээ дурсамжийг авч үлдэх ёстой. Гадны оронд нүүрэн фасадыг нь авч үлддэг туршлага байдаг. Иймд барилгыг шууд буулгаж болохгүй" хэмээв.