Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/25-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: Э.Бөхбат хурандаа хууль бус автомат тоглоомын газрын эзэмшигч үү?

Б.Билгүүн, iKon.mn
2019 оны 9 сарын 25
iKon.MN

Цагдаагийн хурандаа Э.Бөхбатын эзэмшлийн орон сууцанд хууль бус автомат тоглоомын газар ажиллаж байгаа асуудлаар холбогдох хүмүүс газар дээрээс нь тайлбар өгч байна.

ТЦА-ны УСХ-ийн дарга Э.Бөхбат: Би энэ байрыг 2003 онд худалдаж аваад өргөтгөл барьж, ресторан ажиллуулж байгаад ажил ихтэйн улмаас 2007 оноос хойш түрээслүүлдэг болсон. Тэр үеэс хойш энэ байрандаа ирээгүй. Гэтэл манай байрыг түрээсэлсэн гэх хүмүүс давхар түрээслээд явж байсныг нь хяналт шалгалтынхан тогтоосон байна. Би анх түрээсэлсэн хүнээ дуудсан.

Хэрвээ би мэдэж байсан бол миний буруутай үйл ажиллагаа байна. Би хүнд түрээсэлж орхичихоод ийм зүйл болсныг мэдээгүй явсандаа уучлалт гуйж байна. Та нар үнэнийг тогтоож өгөөрэй. Үнэндээ ийм хууль бус юм хийвэл би өөрөө өөрөөсөө ичнэ. Өчигдөр би мэдээлэл аваад юу болоод байгаа талаар судалж, хайж эхэлсэн. Түрээслэгч нар нь мөнгөө дансаар өгчихдөг болохоор ирдэггүй байсан юм л даа. Над руу ч биш манай эхнэр рүү шилжүүлдэг. Ийм л юм болсон.

Би уучлалт гуйж байна. Өөрийн нэр дээр байдаг газраа ийм төрлийн үйл ажиллагаа явуулдаг болохыг ажил ихтэй байдлаасаа болоод мэдсэнгүй. Монголын цагдаагийн албанд ажиллаж байгаа хурандаа хүн ийм зүйл хийж байна гэх  буруу мэдээлэл бусдад хүрвэл ёстой аюултай зүйл болно. Түүнээс биш миний жижигхэн эрх ашиг юу ч биш. 

Хэрвээ би энд хууль бус ажиллагаа явуулсан бол үнэхээр хувцсаа тайлж өгөөд ерөнхий газрынхаа даргад илтгээд явахад бэлэн. Үнэнээ л хэлж байна. Энэ газарт олон жил ирээгүй.

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү: Гарсан мэдээллийн дагуу Э.Бөхбат хурандаа дотоод хяналт шалгалтад шалгуулахаар хүсэлтээ өгсөн. Үүний дагуу хяналт шалгалтын ажил явагдаж байна. Энэ асуудлыг өнөөдрийн байдлаар зөрчлийн хуулиар шалган шийдвэрлэж байгаа. Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх албанаас энэ тоглоомын газарт хэд хэдэн удаа арга хэмжээ авсан. Объект гэхээсээ илүү хууль бус мөрийтэй тоглоомыг зохион байгуулж буй этгээдүүд, үйлчлүүлж байгаа иргэдийг нь хяналтдаа авч ажиллаж байсан. Цаашид шалгалтаа үргэлжлүүлнэ. 

Анх түрээслэгч: Би энэ газрыг тоглоом тоглуулахад түрээсэлдэг гэж мэдээгүй. Зар тавихдаа агуулахын түрээс гээд зар тавиад орсон. Би дансаар мөнгөө авдаг байсан. Өчигдөр мэдээлэл хараад сандраад ирчихээд байж байна.

Давхар түрээслэгч Ц.Түмэнжаргал: Би түрээслээд, автомат тоглоомын газрыг ажиллуулдаг. Хүмүүсээс дам сонсоод ашигтай байдаг гэхээр нь сонирхсон. Тэгтэл ашиггүй байдаг юм байна. Хууль бус гэдгийг нь мэднэ. Энэ тоглоомуудыг Монголд орж ирчихсэн байхад нь авсан. Нийт 5 сая орчим төгрөг хөрөнгө оруулсан. Би залуучуудад мөрийтэй тоглоом хэрэггүй гэж зөндөө хэлдэг.

ШУУД ҮЗЭХ: 

https://www.facebook.com/iKonNews/videos/483971115791557/