Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/17-НД НИЙТЛЭГДСЭН

"Эрч хүчтэй залуу эмэгтэйчүүд Монголын эмэгтэйчүүдийн холбооны түүхэнд шинэ өөрчлөлт авчирна гэдэгт итгэлтэй байна"

Р.Оюунцэцэг, IKON.MN
2019 оны 9 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Эмэгтэйчүүдийн оролцоо, ялангуяа шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь нийгэмд тулгамдсан олон асуудлыг оновчтой шийдвэрлэх хөшүүрэг гэдгийг олон улсад ч онцолдог.   

Тэгвэл Монгол Улсын Эмэгтэйчүүдийн холбоо энэ жил тохиож буй түүхт 95 жилийн ойгоо угтан “Илүү сайхан ирээдүйн төлөө” олон улсын эмэгтэйчүүдийн хамтын ажиллагаа, түншлэлийн анхдугаар чуулга уулзалтыг өнөөдөр, маргааш хоёр өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулж байгаа бөгөөд чуулга уулзалтад 10 гаруй орны шийдвэр гаргах түвшний болон салбар салбарын төлөөлөл болсон эмэгтэйчүүд оролцож байгаа юм.

Тэдний нэг болох хүндэт зочин, ОХУ-ын “Оросын эмэгтэйчүүдийн холбоо”-ны Буриад улсын салбар зөвлөл болон “Буриадын эмэгтэйчүүд” олон нийтийн байгууллагын ерөнхийлөгч Анна Сергеевна Скосырскаятай ярилцлаа. Тэрбээр өнгөрсөн тавдугаар сард Монголын Эмэгтэйчүүдийн холбооны Сэлэнгэ аймгийн салбар зөвлөлийн тэргүүн Д.Өнөрболортой хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, Буриад болон Сэлэнгэ аймгийн эмэгтэйчүүд хамтдаа хөгжих суурийг тавиад байгаа билээ. 



-Монголын Эмэгтэйчүүдийн холбоо түүхт 95 жилийн ойгоо угтан анх удаа олон улсын эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг зохион байгуулж байна. Гол зорилго нь улс орнуудын эмэгтэйчүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлж, бизнесийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадавхыг сайжруулах дэлхий нийтийн тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд оршиж буй. Тэгвэл ОХУ-ын Буриад улсын эмэгтэйчүүдийн байгууллага Сэлэнгэ аймагтай хамтран ажиллах санамж бичгийн байгуулсны хувьд ямар ажлууд хийхээр төлөвлөж байгаа тухай яриагаа эхлүүлье. 

-Хэдийгээр бид энэ оны тавдугаар сард хамтран ажиллах санамж бичиг байгуулсан ч гурван том арга хэмжээг хэдийнэ хийгээд амжсан. Цаашид ч олон ажил хийхээр зорьж байна. Тухайлбал, бид Буриадад экологийн том форум хийе гэж бодож байгаа. Монгол Улс, Буриад хоёр хоёулаа Байгаль нуураар, онгон байгалиараа холбогддог тул ижил төстэй асуудлууд байгаа. Энэ форумдаа Монголоос төлөөлөгчдийг урьж оролцуулна. 

Түүнчлэн миний дотроо бодож явдаг зүйл юу гэвэл, сүүлийн жилүүдэд Орос, Монгол, Буриадын харилцаа хөндийрсөн. Орчин үеийн залуус орос хэл, түүх соёлоо харилцан мэдэхээ больж, өрнийн соёл руу хошуурах болсон. Гэтэл бид бол олон зуун жилийн найрамдалт түүхэн харилцаатай ард түмэн. Тиймээс хөндийрөөд байсан энэ харилцааг сэргээх элч нь эмэгтэйчүүд бид бөгөөд энэ хүрээнд олон зүйл хийнэ гэж бодож байгаа. 

-Хамтын ажиллагааны хүрээнд хэдийн ажлууд эхлүүлсэн гэж та хэлсэн. Тэгвэл орон нутгийн эмэгтэйчүүдийг хэрхэн дэмжих вэ. Тус аймгийн эмэгтэйчүүдэд ямар нөөц боломж байна гэж та харж байна вэ?

-Анх Сэлэнгэд очиход тэнд байгаа эмэгтэйчүүд маш их таалагдсан. Ер нь төвөөс холдох тусмаа эмэгтэйчүүд маш энгийн, эвдрээгүй, үнэт зүйлсээ хадгалж үлдсэн байдаг шиг санагддаг. Өнгөрсөн тавдугаар сард Сэлэнгэ аймагт болсон эмэгтэйчүүдийн чуулга уулзалтын үеэр би тайзан дээр гараад орос дуу дуулсан юм. Тэгэхэд намайг хүлээж авч байгаа байдал, эмэгтэйчүүдийн сэтгэлийн хандлага, хөөрөл нь би энэ хүмүүсийг дэмжиж ажиллах ёстой юм байна гэдгийг мэдрүүлсэн. Учир нь тэнд байсан эмэгтэйчүүд яг л ийм зүйлээр, Оростой тогтоож ирсэн уламжлалт харилцаагаар цангасан юм байна гэж ойлгосон. 

-Манай хоёр орны эмэгтэйчүүдэд байгаа нийтлэг бэрхшээл гэвэл та юуг нэрлэх вэ?

-Оросод ч тэр, Монголд ч тэр эмэгтэйчүүдийн хөдөлмөрийн үнэлэмж доогуур байна. Улс төрийн болон бизнесийн өндөр албан тушаалд эмэгтэйчүүд очиж чаддаггүй. Тэгсэн хэрнээ хамгийн их ажлыг нугалдаг бол эрчүүд удирдах албан тушаал хашиж, эрх мэдлийг авч, өндөр цалин хүртдэг зэрэг асуудал байна. 

1990-ээд онд бүх зүйл дампуурч, нуран унахад Оросод эмэгтэйчүүд бүгдээрээ ар гэрээ тэжээхийн тулд “гахай” үүрээд наймаанд гарсан. Гэхдээ тухайн үед наймаанд явж байсан эмэгтэйчүүд дундаас олон хүчирхэг бизнес эмэгтэй төрөн гарсан. Тухайлбал, тэр эмэгтэйчүүдээ бид дэмжиж, шийдвэр гаргах түвшинд аваачих ёстой. Яагаад гэвэл эмэгтэйчүүд байгаа газар нийгэм илүү ардчилсан, өндөр хамгаалалтад, тайван байж чаддаг. 

-Та “Буриадын эмэгтэйчүүд” олон нийтийн байгууллагыг олон жил тэргүүлсэн гэж байсан. Танай эмэгтэйчүүдийн холбоо, Монголын эмэгтэйчүүдийн холбооны ажиллах арга барил, үр дүнгийн талаар хэрхэн дүгнэх вэ?

-Би энэ байгууллагаа 2007 онд байгуулсан. Түүнээс гадна хоёр ч удаа Буриадын Их хурлын гишүүн, Иргэдийн хурлын төлөөлөгчөөр ажиллаж байсны хувьд улсынхаа бүхий л сум суурин, өнцөг булангаар явж ажилласан. Энэ хугацаанд миний анзаарсан хамгийн том зүйл бол зөвхөн эмэгтэйчүүд төдийгүй ард түмэн маань анхаарлын гадна орхигдсон байсан явдал. Тиймээс л эмэгтэйчүүдийг нэгтгэх ёстой, нэгдэж байж өөрчлөлт хийх ёстой гэж бодсон. 

Ингээд тухайн үедээ хэдэн эмэгтэйчүүд танилцаж, цай уунгаа хийх ажлаа ярьдаг байсан бол өнөөдөр манай холбоо бүс бүрт салбар зөвлөлтэй, төр засаг бидний дуу хоолойг албан ёсоор сонсдог хэмжээнд хүрсэн. 

Монголын эмэгтэйчүүдийн холбооны тухайд 95 жилийн түүхтэй байгууллага шүү дээ. Энэ том баялаг түүх нь тус байгууллагын цаг хүрээг илтгэнэ. Гэтэл ОХУ-ын Эмэгтэйчүүдийн холбоо өнгөрсөн жил 75 жилийн ойгоо угтсан. 

Гэхдээ миний онцлох нэг чухал зүйл бол өнөөдөр Монголын эмэгтэйчүүдийн холбоонд эрч хүчтэй, бизнес сэтгэлгээтэй, барууны боловсролтой, шинэ үеийн төлөөлөл маш олон ажиллаж байгаа нь үнэхээр сайхан хэрэг. Б.Оюунгэрэл, Д.Өнөрболор шиг ийм эрч хүчтэй залуу эмэгтэйчүүд шинэ өөрчлөлтийг авчирна гэдэгт итгэлтэй байна. Ялангуяа, Орос, Монгол орны уламжлалт найрсаг харилцааг эмэгтэйчүүдийн зөөлөн хүчээр эргүүлэн сэргээнэ гэж бодож байгаа.

 
Гэрэл зургийг MPA.mn

-Төр засаг эмэгтэйчүүдийн дуу хоолойг сонсдог болсон талаар та дээр цухас дурдсан. Тэгэхээр танай холбооны идэвх зүтгэлийн үр дүнд төр засгийн бодлого шийдвэр өөрчлөгдсөн туршлагаасаа хуваалцахгүй юу?

-Хоёр жишээн онцолж болно. 

Нэгдүгээрт, сүүлийн таван жилийн турш манай холбоо хүүхдийн тэтгэмжийн асуудлыг хурцаар тавьсны үр дүнд 2020 оны төсөвт хүүхдийн мөнгийг амьжиргааны доод түвшинд дүйцүүлж чадсан. Манай улсад амьжиргааны доод түвшин 11 орчим мянган рубль байдаг бол хүүхдийн тэтгэмж 100 рубль ч хүрдэггүй байсан гээд бодохоор асар зөрүүтэй байсан байгаа биз. Энэ бол чухал өөрчлөлт. 

Хоёрдугаарт, бид мөн л сүүлийн долоон жилд эрчүүдийг хүүхэд хүмүүжлийн асуудалд, гэр бүлдээ оролцоотой байх талаар дуу хоолойгоо хүргэж ирсэн. Нуугаад яах вэ, манайд архи уудаг, ажилгүй, орон шоронд орсон гээд эрчүүд олон бий нь харамсалтай. Үүнээс болж боловсролын бүхий л түвшинд эмэгтэйчүүд ажиллаж, зөвхөн эмэгтэйчүүдийн хүмүүжүүлсэн эрэгтэйчүүд бий болж байна. Өөрөөр хэлбэл, эр хүний үлгэр дуурайлал үгүйлэгдэх болсон. Тийм ч учраас эрэгтэйчүүдийг гэр бүлийн амьдрал, хүүхдийн хүмүүжилд татан оролцуулах шаардлагатай талаар тасралтгүй ярьж хэлсний үр дүнд сургууль бүр эрэгтэйчүүдийн салбар зөвлөлтэй болоод зогсохгүй аймгууд ч аав нарын зөвлөлтэй болсон. Тэр ч бүүхэл 2018 онд Алексей Цыденов Буриадын Ерөнхийлөгч болмогцоо Аав нарын зөвлөлийг байгуулж, өөрийнхөө дэргэд ажиллуулах болсон. 

Яг одоогоор гэвэл бид архидалт болон эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийллийн эсрэг төсөл хэрэгжүүлж байгаа. 

-Манай улсын Эмэгтэйчүүдийн холбоотой хамтран ажиллаж буйн ач холбогдлыг та хэрхэн харж байна вэ. Биднээс суралцах зүйл хэр олон байна вэ?

-Хамгийн түрүүнд Монголын гэр бүлийн уламжлалт сайхан харилцаа нь маш сайхан санагдсан. Үүнээс суралцууштай. Мөн төрөлт маш сайн явагдаж байгаа нь онцлууштай. Манай буриад залуустай харьцуулахад монгол залуучууд үнэхээр эрч хүчтэй, зоригтой,  ажил хэрэгч, бизнес сэтгэлгээтэй байгаа нь маш их таалагдаж байна. Миний бодлоор монгол хүмүүс гэр бүлдээ, газар шороондоо, байгальдаа их ойр бодь хүмүүс шиг санагдсан. Энэ бол маш том ялгаа бөгөөд суралцах зүйл их байгааг харуулж байна. 

-Өнөөдөр, маргааш болох хурлаар та бүхэн ямар сэдвийг илүү чухалчилж байна вэ?

-Бидний хувьд тодорхой илтгэл тавихгүй. Гэхдээ хэлэлцүүлгийн үеэр эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл, эмэгтэйчүүдийн архидалтын талаар ярихаар бэлтгэсэн байгаа. Түүнчлэн хүйсийн тэгш харилцаа, шийдвэр гаргах түвшний эмэгтэйчүүдийн оролцоо гэсэн сэдвээрх хэлэлцүүлгийг анхаарч сонсох болно. 

-Сэлэнгэ аймгийн Эмэгтэйчүүдийн салбар хороотой эхлүүлсэн хамтын ажиллагааныхаа хүрээнд цаашид ямар ажлууд хийхээр төлөвлөж байна вэ?

-Манай хоёр байгууллага БНСУ-ын Эмэгтэйчүүдийн холбоотой мөн адил хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Тэр хүрээнд гурвалсан байгууллага хоорондоо уулзаж, энэ сарын сүүлээр Солонгос явж туршлага судлахаар төлөвлөсөн. Тус улсын эмэгтэйчүүдийн олон нийтийн оролцоо ямар түвшинд байдаг, ямар ажлууд хийдэг болох нь сонирхолтой байгаа. Тэр тусмаа өнөө цагт шинжлэх ухаан, техник технологи, инновацын хөгжлөөрөө дэлхийд тэрүүлж буй БНСУ-ын Эмэгтэйчүүдийн байгууллагатай хамтран ажиллах боломж бүрдэж буйн хувьд бид улсынхаа хөгжлийг даган хойш суух биш, энэ хөгжилд, аж үйлдвэрийн IV хувьсгалд эмэгтэйчүүд ямар оролцоотой байх боломжтойг эрэлхийлэх нь бидний гол зорилго. 

Энэ боломжийг Монголын Эмэгтэйчүүдийн холбооны Сэлэнгэ аймгийн салбар зөвлөлийн тэргүүн Д.Өнөрболор нээсэн. Тэрбээр эмэгтэйчүүдийн холбоогоор дамжуулан гадаад харилцааг өргөжүүлэх зорилт тавьсан бөгөөд эмэгтэйчүүд бид гурван орноороо нэгдээд эмэгтэйчүүдийг орлоготой, эдийн засгийн чадавхтай болгох, цаашлаад шийдвэр гаргах түвшин дэх оролцоог нэмэгдүүлэх, амжилтыг бүтээх том системийн эхлэл болж байгааг онцолмоор байна.

-Цаг гарган ярилцсан танд баярлалаа.

 
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.