Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/23-НД НИЙТЛЭГДСЭН

Францын ерөнхийлөгч Амазоны ширэнгэд шатаж буй түймрийг “олон улсын хэмжээний гамшиг” гэж нэрлэв

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 8 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Сүүлийн өдрүүдэд Өмнөд Америкийн Амазоны ширэнгэ ойд шатаж буй түймэр дэлхий нийтийн анхаарлын төвд ороод байна.

Өчигдөр Франц улсын ерөнхийлөгч Эммануэл Макрон уг түймрийг “олон улсын хэмжээний гамшиг” гэж нэрлээд маргааш тус улсад эхлэх “Их Долоо”-гийн уулзалтын үеэр нэн түрүүнд хэлэлцэх санал гаргажээ.

“Шууд утгаараа бидний гэр орон шатаж байна. Манай гарагийн хүчилтөрөгчийн 20 хувийг үйлдвэрлэдэг уушги болох Амазоны ширэнгэ ой шатаж байна. Энэ бол олон улсын хэмжээний гамшиг. Их Долоогийн гишүүдээ! Хоёр өдөр болох уулзалтын хамгийн эхэнд энэ асуудлыг хэлэлцье!” гэж Макрон твиттер хуудсандаа бичсэн байна.

Хэдхэн хоногийн өмнө түймрийг унтраахад гадны тусламж хэрэггүй гэж мэдэгдэж байсан Бразилын ерөнхийлөгч Жайр Болсонару гамшигтай тэмцэхэд засгийн газрынх нь хүч хүрэхгүй байгааг өчигдөр хүлээн зөвшөөрсөн юм.

Амазоны ширэнгэд шатаж буй түймрийн хэмжээ жилийн өмнөх мөн үеэс 83 хувиар өсөөд байгааг тус улсын засгийн газар мэдээлжээ.

Жил бүрийн хуурайшлын үед түймэр гарах нь хэвийн үзэгдэл боловч энэ удаа хүний оролцоотойгоор түүхэнд байгаагүйгээр нэмэгдсэн гэж байгаль хамгаалагчид үзэж байна. Фермерүүд тариалангийн газраа тэлэхийн тулд ой ширэнгийг шатаан устгаж байгаагаас түймэр эрчимжсэн гэж тэд дүгнэж байгаа.

“Амазон бол Европоос ч том газар нутаг. Ийм том газарт түймэртэй яаж тэмцэх юм бэ? Бидэнд үүнд зориулах хөрөнгө хүч алга” гэж Бразилын ерөнхийлөгч өчигдөр сэтгүүлчдэд ярьсан байна.

Жайр Болсонару нь Амазоны ширэнгэ ойг газар тариалан, мод бэлтгэл, уул уурхай зэрэг бизнесийн зорилгоор ашиглаж эхлэхийг дэмждэг. Түүний уриалгаар фермерүүд ой модонд түймэр тавьж, эдлэн газраа тэлж байгаа гэсэн мэдээлэл бий.

Лхагва гарагт Болсонару хэвлэлд ярихдаа Амазоны түймрийн ард өөрийг нь буруутай харагдуулах гэсэн байгаль хамгаалах төрийн бус байгууллагууд байгаа гэж ямар нэг үндэслэлгүйгээр гүтгэж байв. Амазоны ширэнгэ ойн 60 орчим хувь нутагт нь оршдог Бразил улсын эрх баригчид сүүлийн үед олон улсын зүгээс шүүмжлэлд өртдөг болоод байгаа.

Ялангуяа барууны үзэлтэй улс төрч Жайр Болсонару өнгөрсөн онд Бразилын ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш энэ шүүмжлэл нэмэгдсэн юм.

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш саяхан “Дэлхий дахинд уур амьсгалын өөрчлөлтийн хямрал нүүрлээд байгаа энэ үед бид хүчилтөрөгч, биологийн төрөл зүйлийн том нөөцөө нэмж сүйрүүлэхийг тэвчиж болохгүй” гэж твиттер хуудсандаа бичжээ.

 

Эх сурвалж: AFP