Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/16-НД НИЙТЛЭГДСЭН

Украинд төрийн хэлний хууль хэрэгжиж эхэллээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 7 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр буюу Мягмар гарагаас Украинд төрийн албан ёсны хэлний тухай хууль үйлчилж эхэлж байна.

Өмнөх ерөнхийлөгч Петро Порошенко уг хуулийг хоёр сарын өмнө буюу ерөнхийлөгчийн албан тушаалаас буухаасаа өмнөхөн амжиж баталж байжээ. 

Хуулийн дагуу Украин улсын албан ёсны цорын ганц хэл нь украин хэл байх юм. Украин хэлнээс өөр хэлийг төрийн албан ёсны хэл болгох гэсэн аливаа оролдлогыг “үндсэн хуулийн эсрэг гэмт хэрэг”-т тооцно.

Мөн украин хэлийг гутаан доромжилсон үйлдэлд эрүүгийн хариуцлага тооцохоор хуулинд тусгажээ.

Украины төрийн өмчит болон хувийн телевизүүд украин хэлээр нэвтрүүлэг цацах албан ёсны хувь хэмжээтэй болж, сонин хэвлэлүүдийн агуулгын талаас дээш хувь украин хэлээр хэвлэгдэх ёстой болж байна.

Ерөнхийлөгч, парламентын дарга, парламентын гишүүд, сайд нар, үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга, ерөнхий прокурор, төв банкны захирал, иргэдийн хурлын төлөөлөгчид зэрэг гол албан тушаалуудад суух хүн украин хэлийг чөлөөтэй эзэмшсэн байх ёстой.

Үүнээс гадна төр захиргаа, шүүхийн бүх албан бичиг украин хэлээр хэвлэгдэх болж байна. Зөвхөн хувь хүмүүсийн харилцан яриа, шашны зан үйлд украин хэлийг заавал хэрэглэхгүй юм.

Украины 45 сая хүн амын 67 хувь нь украин хэлийг , 30 орчим хувь нь орос хэлийг төрөлх хэлээ гэж үздэг. Үлдсэн 3 хувь нь бусад хэлээр ярьдаг байна. Тиймээс шинэ хууль нь Оросын нөлөөг Украинд хязгаарлах зорилготой нь тодорхой юм.

Тавдугаар сарын 20-нд тангараг өргөсөн Украины шинэ ерөнхийлөгч Володимир Зеленский энэхүү хуулийг төрийн үйл ажиллагааг төвөгтэй, хүнд сурталтай болгож, албан хаагчдын тоог бууруулахын оронд нэмэгдүүлэх сөрөг нөлөөтэй хэмээн шүүмжилж байжээ.

 

Эх сурвалж: Radio Free Europe /Radio Liberty