Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/16-НД НИЙТЛЭГДСЭН

Токиогийн олон мянган ажилтан гэрээсээ ажиллах туршилтад оролцоно

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 7 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Ирэх онд болох зуны олимпийн наадмын үеэр нийтийн тээврийн ачааллыг бууруулахын тулд Токиогийн олон мянган оршин суугчийг гэрээс нь ажиллуулахаар төлөвлөж байна.

Энэ ажлын хүрээнд Токиод үйл ажиллагаа явуулдаг 3,000 орчим компанийн 600,000 орчим ажилтныг долдугаар сарын 22-ноос есдүгээр сарын 6-ны хооронд гэрээс нь ажиллуулж туршихаар болжээ. Тухайлбал Фүжицү компани 50,000, NEC компани 34,000, Тоёота компани 1,600 ажилтнаа “Telework Days” нэртэй уг туршилтад хамруулахаар болсон байна.

Дагуул хотуудаас Токио руу өдөр бүр найман сая гаруй хүн зорчдог. Токио 2020 олимпийн наадмын үеэр ирэх жуулчид энэ ачааллыг улам нэмэгдүүлэх юм.

Токио 2020 наадам долдугаар сарын 24-нөөс наймдугаар сарын 9-ний өдрүүдэд үргэлжилнэ. Дараа нь наймдугаар сарын 25-наас есдүгээр сарын 6 хүртэл паралимпийн наадам зохион байгуулагдана. Энэ үеэр нийтдээ 650,000 жуулчин гадаадаас Токиод ирнэ гэсэн тооцоо гаргажээ.

35 сая оршин суугчтай Токио хотын метро ачаалал ихтэйгээрээ дэлхийд алдартай. Өдөр бүр энэ хотын 121 чиглэлд 20 сая метроны цуваа зорчдог байна.

Олимпийн үеэр зөвхөн зорчигчдын тоог цөөлөөд зогсохгүй зарим компаниуд бараа түгээлтийн ажиллагаагаа зохицуулж, замын хөдөлгөөний ачааллыг бууруулахад хувь нэмрээ оруулахаар төлөвлөжээ. Тухайлбал Asahi Breweries компани олимпийн наадмын үеэр түгээлтийн машинуудынхаа 30 хувийг оргил цагаас бусад цагт шилжүүлж ажиллуулахаар болсон байна.

 

Эх сурвалж: The Guardian