Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/16-НД НИЙТЛЭГДСЭН

Малайзын ерөнхий сайд асан нэг өдөр, нэг дэлгүүрээс $800,000-аар үнэт эдлэл худалдан авсныг баталжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 7 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Малайзын ерөнхий сайд асан Нажиб Разактай холбоотой авлигын хэргийг шүүх ажиллагаа Куала Лумпур хотод үргэлжилж байна.

Даваа гарагт шүүх хурлын үеэр Разакын зээлийн картын хуулгыг баримт болгож үзүүлжээ. Уг баримтад үзүүлснээр экс ерөнхий сайд 2014 оны наймдугаар сарын 8-ны өдөр Итали дахь Швейцарийн үнэт эдлэлийн De Grisogono дэлгүүрээс 3.3 сая малайз ринггитийн ($800,000) үнэ бүхий бараа худалдан авсан байна.

Үүнээс хэдхэн сарын дараа Разак нь Хавайн арлын Chanel брэндийн дэлгүүрээс нэг дор 466,000 ринггитийн ($108,000) бараа худалдан авсныг баримт болгон харуулжээ.

Дээрх бүх төлбөрийг Нажиб Разакын хувийн мастер болон виза картуудаар хийсэн байна.

Ерөнхий сайдаар ажиллах хугацаандаа Разак засгийн газрын хөгжлийн сан 1MDB-ээс $4 тэрбумын хөрөнгө үрсэн нь тогтоогдсон юм. Тэрээр энэ мөнгийг дэлхийн өнцөг булан бүрт үл хөдлөх хөрөнгө, тансаг завь худалдаж авах, алдартнууд оролцсон тансаг үдэшлэг зохион байгуулах, кино бүтээх төсөл зэрэгт зарцуулсан байна.

Үүнээс $681 сая орчмыг хувийн дансандаа шилжүүлж, эхнэрийн хамт тансаг хэрэглээндээ зарцуулж байжээ. Нажиб Разак болон түүний эхнэр Росмах Мансур нарт Малайзын шүүх олон тооны ял тулгаад байгаа юм.

Өнгөрсөн оны тавдугаар сард Разакын нам сонгуульд ялагдаж, ерөнхий сайдын албанаас буусных нь дараа хуулийнхан гэрт нь нэгжлэг хийхэд 1,400 хүзүүний зүүлт, 567 брэндийн гар цүнх, 432 бугуйн цаг, 2,200 бөгж, 1,600 энгэрийн зүүлт, 14 толгойн чимэглэл зэрэг нийт $273 саяын үнэтэй эд бараа илрүүлсэн нь Малайзын түүхэнд хамгийн том хөрөнгө хураах ажиллагаа болсон байна.

Даваа гарагийн орой Нажиб Разак өөрийн фэйсбүүк хуудсанд зээлийн картын хуулгын талаар тайлбар бичжээ. “Энэ зардал бол манай улстай найрамдалт харилцаатай орнуудын төрийн тэргүүнүүдэд зориулж бэлэг худалдан авахад гарсан юм. Бусад улс орны төрийн тэргүүнүүдэд бэлэг өгөх нь хэвийн үзэгдэл” хэмээн тэр бичсэн байна.

 

Эх сурвалж: The Guardian