Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/16-НД НИЙТЛЭГДСЭН

Ажилтнаа дарамталбал шийтгэх хууль Өмнөд Солонгост хэрэгжиж эхэллээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 7 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Ажлын байрны дарамттай тэмцэх шинэ хууль өнөөдрөөс эхлэн Өмнөд Солонгост хэрэгжиж байна.

Шинэ хуулийн дагуу шударга бусаар ажилтнаа халсан ажил олгогч гурав хүртэл жил шоронд хоригдох, эсвэл 30 сая воны ($25,000) торгууль хүлээх юм.

Өмнөд Солонгосын нийгэмд дээд албан тушаалтан нь доод ажилтнаа янз бүрээр дээрэлхэж, дарамтлах үзэгдэл түгээмэл байдаг бөгөөд үүнийг “габжил” хэмээн нэрлэдэг байна. Тухайлбал даргынхаа хүүхдийн гэрийн даалгаврыг хийх, даргынхаа тушаалаар “сэкси бүжиг” хийх, даргынхаа цагаан үсийг түүж өгөх зэрэг янз бүрийн дарамтын хэлбэр байдгийг Workplace Gabjil 119 төрийн бус байгууллага мэдээлжээ.

Саяхан Өмнөд Солонгосын засгийн газрын явуулсан судалгаанд оролцогсдын гуравны хоёр нь ямар нэг байдлаар дарамтлуулж байсан, 80 хувь нь дарамтлах үзэгдлийн гэрч болж байснаа баталсан байна.

Ажлын байрны төлөө өрсөлдөөн ширүүн, компаниуд дахь албан тушаалын шатлал олон, захирах захирагдах ёс хүчтэй, эдийн засагт нь гэр бүлийн компаниуд ноёлдог зэрэг шалтгаанууд габжилийг бий болоход нөлөөлдөг гэж судлаачид үздэг ажээ. Зөвхөн бизнесийн салбарт ч биш, тамирчдын дунд дасгалжуулагч багшдаа дарамтлуулах үзэгдэл түгээмэл байдаг. Тухайлбал өнгөрсөн оны өвлийн олимпийн үеэр “Garlic girls” гэж алдаршсан Өмнөд Солонгосын кёрлингийн эмэгтэй баг сүүлд дасгалжуулагч нарынхаа зүй бус харилцааны талаар баримт дэлгэн шуугиулж байв.

Шинэ хууль хэрэгжиж эхэлснээр “габжил” бүрэн алга болохгүй ч өөрчлөлтийн эхлэл болно гэж найдаж байгаагаа Workplace Gabjil 119 байгууллагын ажилтан Пак Жём Гю ярьж байна.

Японы колоничлолын дор олон жил оршсон, дараа нь цэргийн дарангуйлагч дэглэмд удаан захирагдсан нь Өмнөд Солонгосын нийгмийг шатлан захирах ёсонд гүнзгий автуулсан гэж үзэж байгаагаа Сөүлийн их сургуулийн социологич Майкл Харт ярьжээ.

 

Эх сурвалж: The Guardian