Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/13-НД НИЙТЛЭГДСЭН

П.Баттулга: Шүүгчийн томилгоотой холбоотой асуудлыг Үндсэн хуулийн өөрчлөлтөд тусгасан

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 6 сарын 13
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

“Эрх зүйн шинэчлэлд хуульчдын үүрэг, оролцоо” сэдэвт хуульчдын форум өнөөдөр зохион байгуулагдлаа. Тус форум нь 2017 оноос хойш тогтмол зохион байгуулагдаж байгаа аж. 

Хуульчдын форумын салбар хуралдааны нэг болох “Шүүгчдийн томилгоо” сэдэвт хуралдааны талаар “Оюуны инноваци” ТББ-ын Гүйцэтгэх захирал П.Баттулгатай ярилцлаа.

 

-Шүүгчийн томилгоотой холбоотой тулгамдсан асуудлын талаар хуульчид санал бодлоо солилцлоо. Хуульчдын санал нэгддэг ямар асуудлууд байдаг юм бэ?

-Шүүгчийн сонгон шалгаруулалт тодорхой үе шатуудыг дамжиж байгаа. Шүүхийн мэргэжлийн хороо гэдэг байгууллага шалгалт авдаг. Монголын хуульчдын холбооноос нэр дэвшигчдэд дүгнэлт гаргадаг. Тэгээд ШЕЗ дээр санал хураагаад олонхын санал авсан нэр дэвшигчийн Ерөнхийлөгчид өргөн мэдүүлдэг. 

Энэ дээр ШЕЗ-ийн санал хурааж байгаа процесс тодорхой бус байгаа гэдэг дээр хуульчид санал нэгддэг. Үүнийг илүү тодорхой, боловсронгуй болгох ёстой. 

ШЕЗ-өөс санал болгосон нэр дэвшигчийг Ерөнхийлөгч батламжлахгүй, татгалздаг тохиолдол бий. Энэ байдлыг хуульчид судалгаагаар гаргаж ирсэн. Үүний үр дүнд гэж хэлж болохоор Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл дээр энэ асуудал тодорхой байдлаар тусгагдаад явж байгаа.

Хуулийн төсөлд ШЕЗ-өөс санал болгосон хүнийг Ерөнхийлөгч 21 хоногийн дотор томилно. Хэрэв томилохоос татгалзвал үндэслэлээ олон нийтэд зарлана гэсэн зохицуулалт орсон байгаа. 

-ШЕЗ шүүгчид нэр дэвшигчийг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлээгүй шалтгаанаа нээлттэй мэдээлдэггүй гэх шүүмжлэл байдаг. Үүнтэй холбоотой заалт Үндсэн хуулийн өөрчлөлтөд орсон уу?

-Ийм заалт Үндсэн хуулийн өөрчлөлтөд тусгагдаагүй. Энэ асуудлыг Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Шүүхийн захиргааны тухай хуулиаараа зохицуулагдах боломжтой. 

-Хуульчдын зүгээс шүүгчийн томилгоотой холбоотой олон санал гарч байна. Үүнийг нэгтгээд хууль санаачлагчдад хүргэх боломжтой юу? 

-Форумаас зөвлөмж гаргаад холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах асуудал байвал УИХ-д хүргүүлнэ. Хуульчдын холбоо, ШЕЗ дотроо шийдэх асуудал байвал тухайн байгууллагуудад мөн зөвлөмжөө хүргүүлнэ. 

-Өмнөх хурлуудаас зөвлөмж гарч байсан байх. Тэр дагуу үр дүнд хүрсэн санал байна уу?

-Өнгөрсөн жил “Хууль дээдлэх ёс ба хараат бус шүүх” сэдэвт салбар хуралдаан зохион байгуулж байсан. Тэр үеэр шүүгчийн сонгон шалгаруулалт, ШЕЗ, шүүгчийн хариуцлагын талаар ярьж байсан. ШЕЗ-ийн бүрэлдэхүүн хэтэрхий бага байна. Мөн Ерөнхийлөгч бүх шүүгч, ШЕЗ-ийн гишүүдийн томилдог нь зохисгүй байга гэсэн шүүмжлэл гарч байсан. Түүний үр дүнд ч юм уу Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд ШЕЗ 10 гишүүнтэй байна, тэднийг УИХ-ын чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 2/3-ын саналаар томилно гэсэн зохицуулалт орсон байгаа. 

Мөн шүүгчийн хариуцлагын зөвлөл гэдэг институцийг тусгасан байгаа. Энэ нь шүүх, шүүгчтэй холбоотой асуудалд судалгаа хийж гаргаж ирж, форум зохион байгуулж байгаагийн үр дүн юм болов уу гэж харж байна.