Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/05-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Амарсанаа: Д.Сарангэрэл сайдыг халз мэтгэлцээнд урьж байна

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 6 сарын 5
iKon.MN
 
Гэрэл зургийг mpa.mn

Эрүүл мэндийн Дэд сайд асан Ж.Амарсанаа Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийг огцрохыг шаардсан хоёр дахь жагсаалаа өнөөдөр хийж, цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тодруулбал, тавдугаар сарын 23-ны өдөр эхний жагсаалыг хийсэн юм. Харин өнөөдрийн тухайд Эрүүл мэндийн Дэд сайд асан Ж.Амарсанаа Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийг үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор энэ сарын 6-ны өдөр ТВ4 телевизийн байранд 20:00 цагаас халз мэтгэлцээнд дуудаж байгаагаа хэллээ.

Сүрьеэгийн дэгдэлт нь сайд огцрох шалтгаануудын зөвхөн нэг нь 
 
Гэрэл зургийг MPA.mn

Тэрбээр  “Өнгөрсөн удаагийн жагсаалын үр дүн гараагүй учраас бид үргэлжлүүлэн жагсаалаа зохион байгуулж байна. Өнөөдөр эрүүл мэндийн салбар маш олон үзүүлэлтээр уруудах чиглэлдээ орчихсон байна. Эхний асуудал нь ч намжаагүй байхад саяхан нэгдүгээр төрөхөд хариуцлагагүйн гаралтай эхийн эндэгдэл гарлаа. Тиймээс тус салбарын дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаа суларсныг харуулж байна. 

Мөн сүрьеэгийн дэгдэлт нь сайд огцрох шалтгаануудын зөвхөн нэг нь юм. Хамгийн гол шалтгаан нь Засгийн газрын мөрийн хөтөлбөрт эрүүл мэндийн чиглэлээр авч хэрэгжүүлэх 22 үйл ажиллагаа байдгаас 17 үйл ажиллагаа нь хангалтгүй дүн авсан явдал. Энэ нь эрүүл мэндийн сайд огцрох хангалттай шалтгаан.

Мэтгэлцээнд урьж буй шалтгааны тухайд Д.Сарангэрэл сайд хариуцлагын асуудал яригдахаар хүнийг гүтгээд эхэлдэг. Тиймээс гүтгэсэнтэй нь холбоотойгоор ард иргэдэд тэнцвэртэй мэдээлэл хүргэх үүднээс маргааш телевизийн халз мэтгэлцээнд урьж байна. Одоо урилгаа гардуулна. Хүлээж авах эсэхийг мэдэхгүй юм” гэлээ.