Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/23-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Эрүүл мэндийн сайдыг Хүүхдийн баяраас өмнө огцрохыг шаардан жагслаа

С.Бадрал, iKon.mn
2019 оны 5 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн 15 дугаар сургууль дээр үүсээд байгаа сүрьеэгийн халдвартай холбоотойгоор ЭМ-ийн сайд Д.Сарангэрэлийг огцрохыг шаардан, АН-аас жагсаал зохион байгууллаа.

ЭМЯ-ны гадаа жагсагчид "Сайд мэргэжлийн хүн биш учраас сүрьеэг ердийн өвчин мэтээр ярьж байна. Түүнчлэн эрүүл мэндийн салбар өнгөрсөн хугацаанд олсон олон амжилтаасаа ухарч, өвчлөл нэмэгдэж байгаа тул салбарын сайд ёс зүйн хариуцлага хүлээж сайн дураараа огцрох ёстой" хэмээн үзэж буйгаа хэлж байв.

"ЭМ-ийн салбар сүүлийн 20, 30 жилийн ололт амжилтуудаасаа ухарч ичгүүртэй байдалд хүрлээ"
 
Гэрэл зургийг mpa.mn

Уг жагсаалд оролцож буй АН-ын Эрүүл мэндийн бодлогын зөвлөлийн дарга Ж.Амарсанаа “Монгол Улсын эрүүл мэндийн маш олон үзүүлэлт дэлхийг цочроох хэмжээнд хүрээнд байна. Манай улс хорт хавдрын болонц цус харвалтын гаралтай нас баралтаараа дэлхийд нэгт орчихсон. Дээр нь сүрьеэгийн өвчлөл нэмэгдэж байна. Сүрьегийн өвчлөлөөр дэлхийд 39-д эрэмбэлэгдэж байсан бол саяын маш том дэгдэлтийн дараа эхний 10-т орох аюул байна.

Африкийн орнуудыг сүрьеэгийн голомт болсон, хөгжил буурай гэж ярьдаг байсан бол өнөөдөр монголчууд тэдний хэмжээнд очлоо. ЭМ-ийн салбар сүүлийн 20, 30 жилийн ололт амжилтуудаасаа ухарч ичгүүртэй байдалд хүрлээ. Тиймээс бид улс төрийн тэмцэл хийж, Д.Сарангэрэл сайдыг ёс зүйн хариуцлага хүлээж огцрохыг шаардаж байна.

Удахгүй хүүхдийн баяр болох гэж байна. Гэтэл хүүхдүүдэд баярлах шалтгаан алга. Үе тэнгийнхэн нь, найзууд нь сүрьеэгийн халдвартай, өвчилсөн байгаа энэ нөхцөлд яаж баярлах юм бэ. Тиймээс сайд хүүхдийн баяраас өмнө ёс зүйн хариуцлага хүлээх ёстой" хэмээв.

Манай улсад жил бүр бүртгэгдэж буй сүрьеэгийн өвчлөлийн 60 гаруй хувь нь Улаанбаатар хотод гарч, өвчлөлийн 70 орчим хувь 15-44 насны өсвөр үеийн болон ид ажил хөдөлмөрийн насны залуучууд эзэлж байна. Түүнчлэн жил бүр 200 гаруй хүн сүрьеэ өвчний улмаас нас бардаг гэж ХӨСҮТ-өөс мэдээлсэн.
15 дугаар сургуулийн сурагчдыг ялгаварлан гадуурхах тохиолдол байна гэв
 
Гэрэл зургийг mpa.mn

Жагсаалд оролцогч иргэн Д.Эрдэнэсувд "Би хүний их эмч мэргэжилтэй. Сүүлийн жилүүдэд хүүхэд сүрьеэгээр өвчлөх тохиолдол болон эмэнд дасалтай сүрьеэгийн өвчлөл нэмэгдэж байгаа. Энэ нөхцөлд вакцин найдвартай юу, сүрьеэгийн эмийн чанар хангалттай юу гэдгийг эргэн харах шаардлагатай. Гэтэл яагаад яам энэ асуудалд анхаарлаа хандуулахгүй байгаа юм бэ. Тендерээр хямд үнэтэй эмч вакцин сонгодог юм уу эсвэл чанарын шаардлага хангасныг нь сонгодог юм уу. Салбарын яам эдгээр асуудлаар судалгаа хийгээд ард түмэнд дүнгээ тайлагнах хэрэгтэй байна.

Сүрьеэгийн халдвар гарсан газарт байгаа иргэдийн 80 хувь нь халдвар авч, 10-аас доошгүй хувьд нь өвчлөл илэрдэг. Тэгэхээр би 15 дугаар сургууль битгий хэл ХУД-ийн тэр орчимд амьдарч байгаа иргэдийн 80 хувь халдвар авсан байгаа гэж бодож байна" гэлээ.

Мөн 15 дугаар сургуулийн сурагчдыг ялгаварлан гадуурхах тохиолдол байгааг хэлж байв. Тухайлбал, 18 дугаар сургуулийн нэгэн сурагчийн ах нь 15 дугаар сургуульд сурдаг гэх шалтгаанаар ангийн багш нь өөрөө болон гэр бүлээрээ шинжилгээ хийлгэсэн эсэхийг лавлаж, хичээлдээ ирэхгүй байхыг зөвлөсөн талаар жагсаалд оролцож байсан иргэн хэлсэн юм.

ФОТО
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг