Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/23-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Бямбасүрэн: Эрүүл мэндийн төлөө цаг наргүй явж байгаа эмч, эмнэлгийн ажилтнуудыг үгүйсгэж, дайрсан жагсаал болсон

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 5 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Нийслэлийн 15 дугаар сургууль дээр үүсээд байгаа сүрьеэгийн халдвартай холбоотойгоор ЭМ-ийн сайд Д.Сарангэрэлийг огцрохыг шаардан, АН-аас жагсаал зохион байгуулсан талаар бид мэдээлсэн.

Тэгвэл энэхүү үүсээд буй нөхцөл байдлын талаар Эрүүл Мэндийн Яамнаас хариу мэдээлэл хийлээ.

ЭМЯ-ны төлөөллүүд өвчлөгсдийг хурдан эмчлэхийн төлөө, өвчнүүдээс урьдчилан сэргийлэхийн төлөө зүтгэж байна гээд энэ өдрөөс эхлэн улс төржүүлж, эрүүл мэндийн салбараар оролддогоо болихыг онцлон хэлсэн юм.

"Үүсгээд буй нөхцөл байдал нь ялгаварлан гадуурхлыг дэвэргэж, хүүхдүүдийн ирээдүйд сөргөөр нөлөөлөх аюултай"
 
Гэрэл зургийг MPA.mn

Сүрьеэгийн халдварын талаар Эрүүл Мэндийн Яамны Нийгэм эрүүл мэндийн газрын дарга Ш.Энхзаяа “Халдварт сүрьеэтэй холбоотой асуудлуудал дээр  2018-2019 онд нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ шинэ шатанд хүрч ажилласан. Эрүүл мэндийн боловсрол олгох ажил зогсонги байдалд байсныг 2018 оны хичээлийн жилээс эхлэн ЕБС-иудад сургалтууд зохион байгуулснаар хөдөлгөөнд оруулсан. Мөн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан эрүүл мэндийн боловсрол олгох чиглэлээр мэдээллүүдийг ихээр хүргэж байгаа.

2018 оноос эхлэн 18-аас дээш насны нийт 86,000 гаруй хүнийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулсан ба үүнээс өөрчлөлттэй, өвчлөлийн шинж чанартай 207 тохиолдол бүртгэгдсэн. Улаанбурхан өвчний тохиолдол өнөөдрийн байдлаар бүртгэгдээгүй байна. Өөрөөр хэлбэл бид урьдчилан сэргийлэх арга хэмжээ, дархлаажуулалтын сайн зохион байгуулсан хэрэг.

Сүрьеэ өвчнөөр хэн ч өвдөж болно. Сүрьеэ бол эдгэрдэг өвчин. Хүүхдийн эрүүл мэндийн асуудлыг битгий улс төржүүлээд байгаач ээ. Энэ үүсгээд буй нөхцөл байдал нь ялгаварлан гадуурхлыг дэвэргэж, хүүхдүүдийн ирээдүйд сөргөөр нөлөөлөх аюултай шүү дээ.

Энэ зүйл өвчин болохоос биш улс төр хийх сэдэв биш. Тиймээс эцэг эхчүүд маань ухаантай байж эрүүл мэндийн ажилтнуудтайгаа хамтран ажиллахыг хүсэж байна.

ДЭМБ-ын улс орнуудад өгсөн зөвлөмж, халдварт өвчнөөс сэргийлэн хянах үндэсний хөтөлбөр мөн манай улсын сүрьеэгийн мэргэжлийн салбар зөвлөл дүгнэлтээ гаргаад энэ жил ЕБС-иудад сүрьеэгийн илрүүлэг үзлэгийг зохион байгуулсан. Энэ нь нийгмийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх арга хэмжээ юм. Түүнээс биш  одоо л зөвхөн гараад байгаа өвчин биш. АН-ын Эрүүл мэндийн бодлогын зөвлөлийн дарга Ж.Амарсанааг дэд сайд байхад хүртэл энэ өвчин байсаар л ирсэн. Уг нь мэдэж баймаар.

Бид авах ёстой арга хэмжээгээ аван,  ажлаа хийгээд явж байна.

Хан-Уул дүүргийн 15 дугаар сургуульд гарсан сүрьеэгийн өвчлөлийг тус дүүргийн эрүүл мэндийн төв нь хариуцан ажиллаж байгаа. Төв аймагт гарсан өвчлөлийг мөн  аймгийн эрүүл мэндийн төв нь мэргэжлийн багтай хамтран ажилласны дүнд өнөөдөр бүх хүүхдүүд эмчилгээндээ хамрагдаж, эцэг эхчүүд нь хамтарч ажиллаад явж байна. Цаашид ч бид сургуулийн үзлэгийг төлөвлөгөөтэй зохион байгуулж, илрүүлгийн ажлыг эрчимжүүлнэ. Сүрьеэ өвчнийг эрт оношилж эмчилнэ. Сүрьеэ жилд дунджаар 4,000 орчим бүртгэгддэг” гэв.

Мөн "Өнөөдөр яамны гадаа 20 гаруй хүнтэй жагсаал болсон. Хэдийгээр зөвшөөрөл аваад хийж байгаа ч гэсэн иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө цаг наргүй явж байгаа эмч, эмнэлгийн ажилчдыг үгүйсгэж, дайрсан жагсаал болсон" хэмээн Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн хэллээ.