Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/22-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын агаарын тээврийн гурван том компани Боингоос нөхөн төлбөр нэхжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 5 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Боинг компанийн Boeing 737 Max загварын нисэх онгоцнууд техникийн шалтгаанаар сул зогссонтой холбогдуулан Хятадын агаарын тээврийн хамгийн том гурван компани нөхөн төлбөр шаарджээ.

Air China, China Southern, China Eastern компаниуд онгоцнуудыг сул зогсоосны хохирол болон шинээр захиалсан онгоцнууд хугацаандаа нийлүүлэгдээгүйгээс гарсан хохирлыг барагдуулахыг Боинг компаниас шаардсан байна.

Гуравдугаар сард Boeing 737 Max нисэх онгоц Этиопт осолдсоны дараа дэлхий даяар ийм загварын онгоцнуудын нислэгийг зогсоож эхэлсэн бөгөөд хамгийн түрүүнд Хятад улс зогсоох шийдвэр гаргаж байв.

Этиопт гарсан ослоор 157 хүний амь үрэгдсэн. Үүнээс таван сар орчмын өмнө Индонезийн эргийн ойролцоо Lion Air компанийн Boeing 737 Max онгоц осолдоход 189 хүн амь үрэгдсэн юм.

Хоёр осол хоёул уг онгоцны автомат жолоодлогын программд гарсан алдаанаас болсон гэж урьдчилсан байдлаар дүгнээд байна.

Өнгөрсөн долоо хоногт Боинг компани программын алдаагаа зассан тухай зарласан юм. Одоо АНУ-ын нислэгийг удирдах газар зөвшөөрөл өгвөл Boeing 737 Max загварын онгоцнуудыг дахин үйлчилгээнд ашиглаж эхлэх ажээ.

Гэхдээ Боинг компани олон улсын нислэгийн компаниудад 737 Max загвараа аюулгүй болсныг батлан харуулах хүнд даалгавартай тулгараад байна.

Маргааш буюу Пүрэв гарагт АНУ-ын Техаст агаарын тээврийн зохицуулагч байгууллагуудын олон улсын томоохон хурал болох гэж байгаа юм. Энэ үеэр Boeing 737 Max нисэх онгоцны аюулгүй байдал гол хэлэлцэх сэдвүүдийн нэг болохоор байна.

Техаст болох хуралд Хятад, Франц, Герман, Британи зэрэг дэлхийн 33 орны 57 байгууллага оролцоно.

 

Эх сурвалж: CNN