Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/07-НД НИЙТЛЭГДСЭН

Төрийн байгууллага нэг ААН-тэй нийлж иргэний газрыг дээрэмдэн хохироож буйтай хатуу тэмцэхээ илэрхийллээ

A.Жаргал
2019 оны 5 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

“Богд Асар” компанийн Гүйцэтгэх захирал Д.Анхжаргал мэдээлэл хийж, иргэдийн эзэмшсэн газрыг дээрэмдэн хохироож буй төрийн байгууллагатай тэмцэхээ илэрхийллээ.

“Богд Асар” компани 2007 онд төсөл сонгон шалгаруулалтаар 100 сая төгрөг төлж, Хан-Уул дүүргийн 10-р хороо буюу одоогийн 8-р хорооны газар нутаг дахь, Төв аймаг явах уулзварын зүүн урд хэсгийн 25 га газрыг эзэмшжээ. Гэтэл Хан-Уул дүүргийн ИТХ-ын 2009 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр захирамж гаргаж, газрын хил хязгаар өөрчлөх нэрийдлээр тус дүүргийн 6, 7-р хорооны нутагт газар эзэмшиж байсан “Туурайн төвөргөөн” компанид 140 га газар эзэмшүүлэхдээ “Богд Асар” компанийн газрыг давхцуулан олгожээ.

Тухайн үед Ц.Сандуй нийслэлийн Газрын албаны даргаар ажиллаж байв. “Богд Асар” компани ийнхүү давхцал гарсанд хариу хүсэхэд кадастрын цэгийг буруу тогтоож давхцуулсан талаар албан бичгээр хариу өгөөд зогсохгүй газар дуудлагаар худалдан авсан анхны үнэ болох 3.3 тэрбум төгрөгийг төлөх нэхэмжлэлийг мөн хүргүүлсэн байна. Үүний дагуу “Богд Асар” компани 3.3 тэрбум төгрөгийг нийслэлийн Газрын албаны дансанд байршуулж, архитектур төлөвлөлтийн даалгавраа биелүүлээд явж байтал тус компанийн газар кадастрт бүртгэлгүй байгааг олж мэджээ. “Энэ бол төрийн өндөр албан тушаалтнуудын эрх мэдлээ ашиглан хийж чадах луйвар. Үүнээс болж бид шүүхийн байгууллагаар 11 жил явж байна. Гурван шатны шүүх хурлаар орж, манай компанид газрыг олгох нь зөв хэмээн Дээд шүүхээр шийдэгдээд, шүүхийн шийдвэр гарчихаад байхад нийслэлийн Газрын алба шүүхээс тайлбар авна гээд нэг жил хүлээлгэсэн. Ингээд 2018 оны есдүгээр сарын 20-нд А878 захирамжаар сая нэг газрын гэрчилгээгээ авсан.

Гэтэл Захиргааны хэргийн шүүхийн шүүгч н.Долгорсүрэн захирамжийг буруу гээд цуцалсан. Гурван шатны шүүх, шүүхийн шийдвэрийг энэ шүүгч буруу гэж үзсэн. Мөн гуравдагч этгээд буюу манай компанийг байлцуулалгүйгээр шүүх хурал хийж, шийдвэр гаргасан. Энэ шударга бус явдлыг бид Ц.Сандуйгийн ашиг сонирхол, магадгүй 60 тэрбумтай холбоотой гэж хардаж байгаа.

 
Гэрэл зургийг MPA.mn

Газрын албаар энэ асуудлаа хөөцөлдөн 11 жил явах хугацаандаа ажиглахад тэнд ирж байгаа иргэд ийм л асуудлаар гомдол гаргаж байсан. Мэдээгүй байхад нь нэг бичиг, он сар, үсэг солиод газрыг нь булаагаад авчихдаг, кадастраас утгачихдаг. Тиймээс бид ингэж газраа дээрэмдүүлж, эрхээ зөрчүүлж байгаа иргэдтэй хамтран Түр хороо байгуулж, төрийн байгууллагуудын шударга бус үйлдэлтэй тууштай тэмцэхээр шийдсэн. Өнгөрсөн хугацаанд бид АТГ, УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос эхлээд Ерөнхийлөгчид хүртэл хандсан. Хэн нь ч авч хэлэлцэж, дорвитой хариу өгөөгүй” хэмээн Д.Анхжаргал ярилаа.

Мөн “Туурайн төвөргөөн” хэмээн компани тус компанийн байгаа газрыг оролцуулсан 140 га газрыг авахдаа морин тойруулгын талбай байгуулна гэж хүсэлт тавьж анх авсан бөгөөд дуудлага худалдааны үнэ болох 18.3 тэрбум төгрөгийг төлөөгүй аж. Зөвхөн газрын зориулалтаа өөрчлөх хүсэлт гаргасан “Туурайн төвөргөөн” компанид газрыг нь улам томруулж, байршлыг нь өөрчилж олгоод, улсад төлөх ёстой байсан 18.3 тэрбум төгрөгийг төлүүлэхгүй байх эрх олгосон нь цаанаа том ашиг сонирхол байгааг харуулж байна гэдгийг Д.Анхжаргал хэлээд “Миний төлсөн 3.3 тэрбум төгрөг бидэнд байсан бол хүү нь л гэхэд 4.3 тэрбум төгрөг болох байсан. Бид газраа эзэмшиж чадахгүй, бүтээн байгуулалтаа хийх гэхээр хийлгэхгүй. Гэтэл Ц.Сандуйгаар хамгаалуулсан “Туурайн төвөргөөн” компани ямар ч зөвшөөрөлгүйгээр бусдын газрыг хашаалаад барилга барьчихсан. Тэгээд зогсохгүй гэрчилгээ нь маргаантай байгаа энэ газраа зарчихсан. Үүнийг жирийн бидэн шиг иргэд хийж чадахгүй. Яаж ийм маргаантай газрыг зардаг юм бэ. Төрийн байгууллагуудын албан тушаалтнуудын л хийж чадах ажил” гэлээ.

Тиймээс цаашид хатуу тэмцэхээ ийнхүү илэрхийллээ.