Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/24-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Хүрэлбаатар: Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг Төрийн санд байршуулах бодлого баримтална

Г.Номин, iKon.mn
2019 оны 4 сарын 24
iKon.MN

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/281752172714501/

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Өчигдрийн Засгийн гарын хуралдаанд Сангийн яам таван асуудал оруулж хэлэлцүүлсэн. Тэдгээрээс шийдвэрлэгдсэн асуудлуудын талаар мэдээлэл өгье.

2020 онд Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг 6 хувь байна гэж тооцож байна. Инфляц 8 хувьтай, гадаад худалдааны тэнцэл нэг тэрбум долларын ашигтай байна гэж харж байгаа. 2020 онд хэрэгжүүлэх үндсэн чиглэл дээр санхүүжилт хийх боломж, өр, хэрэгжих боломжтой нь уялдуулан 10 их наяд төгрөгийн 19 ажлыг үндсэн чиглэлд багтаахаар боллоо. Хийх ажлууд их байгаа ч Монгол Улсын өр, санхүүгийн боломжийн хэмжээгээр хязгаарлагдаж байгаа.

2020 оны Төсвийн хүрээний мэдэгдэл дээр тодорхой зардлуудыг оруулсан. Цалин, тэтгэврийг инфляцын түвшинтэй уялдуулан нэмнэ. Зарим хууль хэрэгжиж эхэлж буйтай холбогдох санхүүжилтүүдийг шийднэ. 2019 онд хөрөнгө оруулалт хийгдээд 2020 онд ажлуудаа дуусгахаар төлөвлөж байна. Ерөнхий сайдын өгсөн чиглэлийн дагуу Байгалийн түүхийн музей болон Үндэсний урлагийн их театрын барилгын ажлыг эхлүүлэхээр төсөв дээр нэмж оруулаар боллоо.

Засгийн газрын өр 2016 оны төгсгөлд ДНБ-ний 78 хувьтай тэнцэж байсан бол 2018 оны төгсгөл дээр 58.9 хувь болж бууж ирээд байгаа. Сангийн яамны зүгээс НД-ын сангийн хөрөнгийг төрийн сан дээрээ байршуулах бодлого баримталж байна.

Хэдийгээр Монгол Улс 2019, 2020 онд төлөх өр, бондын төлбөр байхгүй ч гэлээ. 2021-2024 онд 2.9 тэрбум долларын бондын төлбөр төлөх ёстой. Тиймээс энэ төлбөрөө эдийн засагт санхүүгийн дарамт үзүүлэхгүй байхаар тооцоолсон өрийн стратегийг баталлаа.

Засгийн газрын үнэт цаасыг блокчейн платформ дээр үндэслэн шууд иргэн, ААН худалдан авах боломжийг бүрдүүлсэн. 2019 оны эхний улирлын байдлаар төсөв 196 тэрбум төгрөгийн ашигтай явж байгаа. Тиймээс аль болох бонд гаргахгүйг хичээнэ. Өрийн хэмжээ ДНБ-ний 93-тай тэнцэж байсан үе бий. Эдгээр арга хэмжээг хэрэгжүүлбэл Засгийн газрын нийт өрийн хэмжээ ДНБ-ний 54 хувьай тэнцэж бууж ирнэ гэсэн тооцоолол хийсэн.

Капитал банк хүндрээд 4, 5 жил болсон. Хуулийн дагуу цаг тухай бүрд нь арга хэмжээ аваагүй учраас хохирлын хэмжээ нэмэгдсэн гэж харж байгаа. 2016 оны наймдугаар сараас хойш тус банканд нэмж мөнгө байршуулаагүй, мөн байршуулсан мөнгөө татах чиглэлийг байнга илэрхийлсээр ирсэн.

Капитал банканд мөнгө нь байршиж байсан сангуудад чиглэл өгөх ажлыг Сангийн яамнаас зохион байгуулахаар ажиллаж байна. Тэр мөнгө нь агаарт уусаж, газарт шингэчихээгүй байгаа байх.

2020 онд уул уурхайн түүхий эдийн үнэ энэ оныг бодвол өндөр байх төлөвтэй байгаа тул үнийг бага зэрэг нэмэгдүүлж тооцоолол хийж байгаа. Ингэхдээ дэлхийн эдийн засгийн төлөв байдалтай уялдуулж тооцсон.

Сонгуулийн жил шинээр баригдах хөрөнгө оруулалтыг ихээр тавьчихдаг. Ингээд сонгуулийн дараа эхэлсэн байсан бүтээн байгуулалт царцах хандлага байгаад байсан. Тиймээс Засгийн газрын зүгээс бүтээн байгуулалтын ажлуудыг 2019 онд эхлүүлж, 2020 ондоо багтаад дуусгах чиглэл барьж байгаа.

2017, 2018, 2019 онд эхэлсэн бүтээн байгуулалтуудыг дуусгахад зориулан 2020 оны төсөвт 930 тэрбум төгрөг суулгасан" гэлээ.