Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/19-НД НИЙТЛЭГДСЭН

Парисын Дарь эхийн сүм цахилгааны богино холболтоос үүдэлтэй шатсан байж болзошгүй

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 4 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн Мягмар гарагаас эхлэн Парис хотын прокурорын газар Дарь эхийн сүмд гарсан гал түймрийн шалтгааныг тодруулахаар ажиллаж байна.

Одоогоор тус байгууламж дээр ажиллаж байсан 40 орчим хүнийг байцаагаад байгаа гэнэ.

Лхагва гарагаас эхлэн прокурорууд, шинжээчид шатсан сүмийн дотор талд нэвтрэх боломжтой болсон юм. Тэдний бүрэлдэхүүнд ажиллаж байгаа эх сурвалжийн мэдээлснээр гал түймэрийг санаатай зохион байгуулсан шинж тэмдэг одоогоор илрээгүй байгаа гэнэ.

Харин цахилгааны богино холболтоос үүдэлтэй гал гарсан байх боломжийг анхааралтай мөрдөн шалгаж байгааг мэдээлжээ. Тухайн үед сүмийн модон шовх оройг сэргээн засварлах ажиллагаа явагдаж байсан юм.

Уг модон оройг 150 жилийн өмнө нэмж босгосон юм байна. Гал гарсан өдөр буюу Даваа гарагт сэргээн засварлах ажил гүйцэтгэж байгаа дөрвөн компанийн хоёр нь сүмд ажиллаж байжээ.

Тэдний нэг нь барилгын гадна шат, тавцан угсардаг компани байсан бол нөгөөх нь урлагийн бүтээл сэргээн засварладаг мэргэжлийн компани байсан гэнэ.

Даваа гарагт гарсан галыг унтраахаар Парисын гал сөнөөгчид есөн цагийн турш ажиллаж, гол байгууламжийг нь аварсан юм. Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон сүмийг таван жилийн дотор бүрэн сэргээн засварлахаа амлаад байна.

 

Эх сурвалж: CNN