Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/18-НД НИЙТЛЭГДСЭН

“Эрүүдэн шүүж буй бичлэгийг хэнд, хэзээ үзүүлэхийг хэн шийдээд байна вэ”

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 4 сарын 18
iKon.MN
Зураг зураг
УИХ-ын Тамгын газар

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь нас хохирсон хэргийг шалгах Түр хороо байгуулах асуудлын анхны хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганаар хэлэлцлээ. 

Түр хороо байгуулах асуудлыг УИХ-ын гишүүн Л.Болд, Ц.Нямдорж, Ж.Батзандан, Л.Оюун-Эрдэнэ, А.Сүхбат нар санаачлан Их хурлын даргад өргөн барьж, гишүүнээр ажиллах сонирхолтой буйгаа илэрхийлж байсан. Харин тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ Түр хороонд орж ажиллахаас татгалзсан бол Х.Нямбаатар, Я.Санжмятав нар тус хороонд ажиллах хүсэлтээ илэрхийлсэн юм. 

Түр хороо байгуулах тухай тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг өнөөдөр хийснээр дээрх байнгын хорооны санал дүгнэлтийг гишүүдийн олонх дэмжлээ. 

Түр хороо байгуулахтай холбоотой гишүүдийн асуулт, хариултыг товчлон хүргэж байна. 

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Өмнө нь энэ асуудлаар ажлын хэсэг байгуулж байсан. Одоо Түр хороо байгуулах гэж байна. Ажлын хэсэг, Түр хороо хоёрын уялдаа холбоог тайлбарлаж өгөөч. 

Хамгийн гол нь энэ хэргийн захиалгагч хэн бэ гэдэг асуудал байна. Түр хорооны хамгийн чухал хийх ажил бол олон нийтийн дунд байгаа эргэлзээг нэг мөр болгох. Мөн захиалагчийг ил болгох юм. 

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: Хэргийг нууцаас гаргах гэж найман сарын ажил болсон. Хоёр удаа Засгийн газрын хуралдаанаар оруулсан. Улсын нууцаас гаргасан хэр нь прокурорууд хавтаст хэргийг архивт аваачаад өгчихсөн. УЕП-ын хуучин удирдлагууд нууц гэж хав дарсаар ирсэн. Шинэ прокурор нь хууль журмын дагуу танилцах боломж олгох байлгүй. 

Гурван шатны шүүхийн тогтоолтой танилцах юм бол энэ хэрэг худлаа гэдэг нь ил болох юм. Ил болсных нь дараа би тэр шийдвэрүүдийг уншиж үзсэн. Энэ парламентын баталсан Төрийн болон албаны тухай хуульд "задруулсан тохиолдолд үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц мэдээллийг төрийн нууцад хамааруулна" гээд заачихсан.  

Гэтэл тодорхой хэргийг нууцалсан нь дэндүү адал балмад явдал гэж үзээд байгаа. Одоо яриад байгаа зүйлийг Олон улсын парламентын холбоо биднээс илүү шалгаж байгаа юм билээ.

Хүн тамлаж хэрэг хүлээлгэж байгаагаа л нууцалж байгаа. Түүнээс биш тэнд нууцлаад байх юм байхгүй. 

УИХ-ын гишүүн О.Содбилэг: Эрүүдэн шүүж, тамлаж байцаалт авсныг гишүүд, сэтгүүлч, иргэний нийгмийн байгууллагынхан үзлээ. Одоо хэнд үзүүлэх вэ. Хэнд үзүүлж, хэнд үзүүлж болохгүйг хэн шийдээд байгаа юм бэ. 

Энэ хэрэгт холбогдсон хоёр хүнийг эрүүдэн шүүсэн нь ойлгомжтой болоод байна. Яагаад суллахгүй байгаа юм бэ. Энэ асуудлыг хэн шийдэх үү гэдгийг асуумаар байна. 

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: Засгийн газраас зөвшөөрөгдсөн хэмжээнд нь нууцаас гаргасан. Олон нийтэд хэзээ яаж үзүүлэх вэ гэдэг дээр маргаан яваад байгаа. Үүнийг Түр хороо байгуулагдсаны дараа жичид нь ярих юм байгаа биз. Би бол олон нийтэд үзүүлэх хэрэгтэй гэж үзэж байгаа. 

Ер нь ном журмаараа Ерөнхий прокурор юм уу Ерөнхий шүүгч эсэргүүцэл бичээд тэр хоёр хүнийг суллуулах боломж байгаа. Гэвч ямар нэгэн шалтаг шалтгаан заагаад байгаа. Уг нь болдог бол өнөөдөр ч болтугай сулламаар байна. 


Ийнхүү Түр хороо байгуулах тухай тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийснээр УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлав. 

Үдээс хойших хуралдаанаар Улсын ерөнхий прокурорын орлогч нарыг томилох тухай Ерөнхийлөгчийн саналыг зөвшилцөх асуудлыг хэлэлцэх юм.