Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/29-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Батзориг: Цэцэрлэгийн багшийн цалингаас 300 мянга орчим төгрөг хасагдах болоод байна

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 3 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Өнгөрсөн оны арван хоёрдугаар сард Засгийн газраас гаргасан 382 дугаар тогтоолтой холбоотой асуудлаар Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооноос мэдээлэл хийлээ. 

ҮЭХ-ноос уг тогтоолыг багш нарт илүү цагийн хөлс олгохгүй байхаар гаргасан хэмээн үзэж буйгаа мэдэгдэж, Засгийн газраас уг тогтоолоо цуцлахыг шаардлаа.

 
Гэрэл зургийг MPA.mn

Монголын Боловсрол, Шинжлэх ухааны ҮЭ-ийн холбооны дарга Ж.Батзориг "Засгийн газрын 382 дугаар тогтоолд багш нарт илүү цагийн хөлс олгохгүй байхаар заасан. Жишээ нь цэцэрлэгийн багшийн ердийн ажиллах  цаг нь 10 цаг байдаг. Цэцэрлэгийн багш өдөр тутам 2 цаг илүү цагаар ажилладаг гэсэн үг. Гэтэл энэ тогтоолоор бол дунджаар цэцэрлэгийн  багш нарын цалингаас сард 300 мянган төгрөгийн илүү цагийн хөлс хасагдах байдалд хүрчихлээ.

Тиймээс маш яаралтай үйлдвэрчний эвлэлтэй зөвшилцөж, 382 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах шаардлагатай байна. Засгийн газар аливаа шийдвэр гаргахдаа үйлдвэрчний эвлэлтэйгээ зөвшилцөхгүй байдлаас болж нийгэмд сөрөг үр дагавруудыг ихээр бий болгосон.

Тус тогтоолоор илүү цагийн хөлс олгохгүй гэдэг шийдвэр нь хөдөлмөрийн тухай хууль бусад эрхийг маш ноцтойгоор зөрчиж байна.

Цалин нэмсэн гэж хэлдэг. Тэгснээ нэмэгдэл урамшууллаас нь аль нэгийг нь хасаад гар дээр авч буй цалинг нь хэвээр байлгадаг энэ ажлаа зогсоо.

Есдүгээр сард Цэцэрлэг, сургуулийн багш нарын дундаж цалин нь 550 мянган төгрөг байсан. Он гараад цалин нэмэхдээ ярьж тохирсон асуудлаа хасаад харилцан адилгүйгээр ажилчдын цалин нэмсэн. Ойролцоогоор цэцэрлэгийн багш нарын цалин 780 мянга орчим төгрөг болсон. Гэтэл 382 дугаар тогтоол гарснаар цэцэрлэгийн багшийн цалингаас 300 мянга орчим төгрөг хасагдах болоод байна. Өөрөөр хэлбэл цалинг нэмсэн хэмжээнээс нь илүүгээр нэмэлт урамшууллыг нь хасаж байна. 

Шаардлагатай гэж үзвэл үйлдвэрчний эвлэлээс олныг хамарсан тэмцлийн үйл ажиллагааг өрнүүлнэ.

Мөн Монголын багш нарын VII дугаар их хурал 23 жилийн дараа Монгол Улсын ерөнхийлөгчийн ивээл дор дөрөвдүгээр сарын 11-ний өдөр зохион байгуулагдах гэж байна. Их хурлаар боловсролын салбарт ажиллаж байгаа хүмүүсийн өмнө тулгамдаж буй асуудлыг ярилцаж тодорхой шийдвэр гарах байх гэсэн хүлээлттэй байна" гэлээ. 

Гуравдугаар сард гэхэд Сүхбаатар, Сонгинхайрхан дүүргээс бусад бүх газар багш нарын илүү цагийн мөнгийг хасаж олгосон.

 
Гэрэл зургийг MPA.mn

СӨБ-ын ҮЭХ-ны дарга Д.Саранцэцэг “Тогтоолыг өөрчлөх гэж явах үед төрийн байгууллагын уялдаа холбоо маш муу байгаа нь илт байсан. Тогтоолтой холбоотойгоор Баянгол дүүргийн дөрвөн цэцэрлэг илүү цагийн мөнгийг хасаж олгож эхэлсэн байдаг. Гэтэл гуравдугаар сард гэхэд Сүхбаатар, Сонгинхайрхан дүүргээс бусад бүх газар багш нарын илүү цагийн мөнгийг хасаж олгосон. Хасахдаа буцаан таталт гэж байгаа юм. Төрийн сангийнхан ажлаа мэдэхгүй байна. Хүн ажилласан л бол цагийнхаа хөлсийг авах нь ойлгомжтой асуудал.

382 дугаар тогтоолд нөхөн амруулаагүй бол  илүү цагийн хөлс өгнө гэж заасан. Тэгээд төрийн сангийнхан нөхөн амраа гэж хэлээгүй байж нөгөө талдаа илүү цагийг нь хас гэдэг нь илтэд хүмүүсийн эрхэнд халдаж байгаа хэрэг. Буцаан таталт хууль зөрчиж байна. Сургуулийн өмнөх боловсрол ямар байдалтай байдгийг бүгд мэднэ. Хоёр хүний ажлыг нэг хүн хийдэг. 08:00 цагт ажилдаа очоод 18:00 цагт явдаг цэцэрлэгийн багш гэж байдаггүй" гэж хэлэв.