Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг өнөөдөр Хууль зүйн байнгын хороо эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэж, УИХ-аар хэлэлцэнэ.
Энэ хуулийн талаар хуульчид ямар байр суурь илэрхийлсэн талаарх ОНЦЛОХ эшлэлүүдийг хүргэж байна.
Иргэн Д.Ламжав
Хүнд зориулсан бас нэг хууль гарах уу? Парламент энэ мэтээр эрхээ шилжүүлээд байх уу?
Хууль зүйн ухааны доктор О.Мөнхсайхан:
Орчин үед Ардчилсан нийгмийг устгахад төрийн ордон руу дайрч, галдан шатаахаа больсон. Харин Үндсэн хууль, шүүхийн тогтолцоог бага багаар идэж, устгах замаар дарангуйллын дэглэм бий болгож байна.
Хууль зүйн ухааны доктор Б.Гүнбилэг:
Одоо хамгийн зөв гарц бол Үндсэн хуульд заагаагүй Ерөнхийлөгчийн бүрэн эрхүүдийг хасаж, АТГ, ШЕЗ гэсэн байгууллагуудын удирдлагыг томилдог хуулийг өөрчлөх.
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:
Эрх мэдэл хуваарилалт нэг л буруу хуваарилагдвал тогтолцооны, нийгмийн том гажуудал, хямрал хүний эрх хэлмэгдүүлэлт, хууль ёсыг уландаа гишгэсэн, хавтгайрсан хариуцлагагүй байдал бий болж хувирдгийг бид яс махаараа мэдэрч байна.
УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд:
Хуулийн төсөл яг одоогийн бичигдсэн хэлбэрээр явбал шүүх засаглал ганхана. ҮАБЗ-ийн гурван хүн бол бурхан биш. Энэ хуулийг баталсны дараах үр дагаварт санаа зовж байна.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ:
УИХ өөрийн Үндсэн хуулиар олгогдсон ямар нэгэн байгууллагын зөвлөмжөөр шийдвэр гаргадаг болбол хууль тогтоох байгууллагын үндсэн үүрэг алдагдна. Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авах гэж байна.
УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:
Системийг бүхэлд нь хэврэгшүүлж, Үндсэн хуулийн суурь зарчимд сүх барьж орсон ийм хуулийг батлах хэрэггүй.
Хууль зүйн дэд сайд асан Б.Энхбаяр:
Үндсэн хуулийн бус эргэлт хийж буй хууль нь түүхэнд хар толбо болж үлдэнэ.
Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин:
ҮАБЗ гэж бусад оронд гүйцэтгэх эрх мэдлийн салбаруудын уялдааг хангах зорилго бүхий Засгийн газрын түвшний байгууллага байдаг. Үндсэн хуулиас давах битгийхэл Үндсэн хуулийн байгуулалд ч хамаардаггүй. Үндсэн хууль устгасан төрийн эргэлт болох бололтой!
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!