Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/12-НД НИЙТЛЭГДСЭН

Хуавэйтэй бизнес хийдэг улс орнуудаас хамтын ажиллагаагаа татна гэж АНУ анхаарууллаа

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 2 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Орос, Хятадын нөлөөг Төв Европын орнуудад хязгаарлах зорилготой АНУ-ын төрийн нарийн бичгийн даргын айлчлал Даваа гарагт Унгар улсаас эхэлсэн юм.

Майк Помпео өнөөдөр Словак, маргааш Польшид айлчилж, буцахдаа Бельги, Исландад түр саатна. 

Тэрээр Хятадын харилцаа холбооны технологийн Хуавэй компанитай хамтран ажиллах нь мэдээллийн аюулгүй байдалд том эрсдэл дагуулах бөгөөд АНУ-тай харилцах харилцаанд нь бэрхшээл учруулахыг Унгарын эрх баригчдад анхааруулжээ.

“Бид тусгаар тогтносон улсын бодлого шийдвэрт оролцохгүй. Гэхдээ Хуавэйтэй хамтарч ажилласнаар мэдээллийн аюулгүй байдалд халдаж, хувь хүний нууцлалыг Унгарын ард түмний эрх ашигт нийцэхгүй зорилгоор ашиглах эрсдэл байгааг сануулах нь бидний үүрэг юм” гэж Помпео Будапешт дэх АНУ-ын элчин сайдын яаманд хийсэн хэвлэлийн хурал дээр ярьсан байна.

Тэр цааш нь хэлэхдээ “Бид энэ эрсдлийн талаар юу мэдэж байгаагаа хуваалцах ёстой. Хоёрдугаарт, Хуавэйн технологийг нэвтрүүлсэн орнуудад Америкийн тоног төхөөрөмжийг авч ашиглах боломж хаагдана. Тиймээс шийдвэр гаргахдаа энэ хүчин зүйлийг бодолцохыг сануулж байна” гэжээ.

Унгар улсын харилцаа холбооны дэд бүтцэд Хуавэй компанийн оролцоо хүчтэй байдаг. NATO-гийн гишүүн Унгар улсын зах зээлд Хятадын компанийн техник технологи давамгайлж байгаад Вашингтон санаа зовж байгааг Помпео ийнхүү илэрхийлжээ.

Тэр бас сүүлийн жилүүдэд авторитар дэглэмийг шүтэх болсон ерөнхий сайд Виктор Орбаны бодлогыг шүүмжилж, ардчилал, хүний эрхийг дээдлэхийг Унгарын эрх баригчдад уриалсан байна.

 

Эх сурвалж: Associated Press