Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/01-НД НИЙТЛЭГДСЭН

Улаанбаатарын утаа, тортгоор унадаг дугуйн зам тавина

О.Булган, iKon.mn
2019 оны 2 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг: MPA.mn

Улаанбаатарын агаарын бохирдлыг бууруулах янз бүрийн арга зам, шийдлийг хувь хүмүүс, байгууллага болон төр засгийн зүгээс эрэлхийлсээр байгаа.

Тэгвэл эдгээр шинэ шийдэл, санаачилгын нэг болох цахилгаан станцаас гарч буй шатаасан нүүрсний тортог болон утааг ашиглан Улаанбаатар хотын ойролцоо 50 километр унадаг дугуйн зам барих төсөл хэрэгжиж эхэлжээ. Төслийг танилцуулах арга хэмжээ өнөөдөр болсон юм.

Тус санаачилгыг Япон улсад амьдардаг, Өвөр Монгол Мүнэёши Дугаржа хэмээх залуу санаачилж эхлүүлж байгаа аж. Түүний төслийг "Dotexe Mongolia" төсөл болон Япон улсын "Rebirth Technology" компани санхүүжүүлэн, хамтран хэрэгжүүлэхэд бэлэн болсон байна.

"Dotexe Mongolia" төсөл нь хот болон суурин газрын агаарын бохирдлыг бууруулах зорилготой төсөл ба байгаль орчин, экологийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхдээ үр дүнтэй, хямд өртөг бүхий санаачилгыг дэмжих замаар бүх нийтийг оролцуулахыг зорин ажилладаг талаар зохион байгуулагчид дурдаж байв.

Энэхүү төслийг Япон, Монгол хоёр улсын иргэд хамтран хэрэгжүүлж буй гэдгээрээ онцлогтой.

Улаанбаатарын агаарын бохирдлын талаарх мэдээ мэдээллийг байнга авч, сэтгэл зовнин, эмзэглэдэг М.Дугаржа хотын агаар, орчны бохирдлыг бууруулахаас гадна байгаль орчинд ээлтэй шийдэл хайж, түүний олсон санаа өнөөдөр ажил хэрэг болж байна.

 
Гэрэл зургийг: MPA.mn

Тэрбээр "Миний бие Япон улсад сүүлийн 15 жилийн хугацаанд ажиллаж, амьдарч байна. Япон улсын Тохокүгийн Их сургуулийн багш, профессор Динил Пушпалал утаа, тортгоор дугуйн зам барих эрх болон оюуны өмчийг авсан байдаг.

Динил профессортой хамтран ажиллаж, зөвлөлдсөний үр дүнд энэхүү төслийг Улаанбаатарт хэрэгжүүлэхээр болсон. Энэхүү дугуйн замыг тавьснаар байгаль орчинд ээлтэй, дахин боловсруулагдсан бүтээгдэхүүнийг гаргаж байгаа.

Эдгээрээс гадна гадны улсаас ирж буй жуулчдыг татах, тэдгээр улсуудын уулын дугуйгаар хичээллэгчдийг урьж Монголд аялал зохион байгуулах зэрэг ажлыг цаашид хийхээр төлөвлөөд байна" хэмээлээ.

Олон улсад цахилгаан станцаас гарч буй шатаасан нүүрсний тортгийг ашиглан цемент гаргах технологи ихэд өргөн ашиглагддаг талаар санаачлагчид дурдаж байлаа. Харин дугуйн зам тавихад тэрхүү тортог нь зам тавих эх үүсвэрийн 70-80 хувийг эзэлдэг тул энэхүү шийдэл нь манай улсад нэн тохиромжтой шийдэл болох талаар мөн онцлов.

Шинэ технологийн тусламжтайгаар тавигдах тус дугуйн замыг эхний ээлжид Цонжин Болдог, Хүй Долоон худаг болон Майдар хот гэсэн гурван хувилбарт байршлын аль нэгэнд нь тавихаар төлөвлөөд байгаа аж.