Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/26-НД НИЙТЛЭГДСЭН

Агаарын бохирдлыг бууруулах монголчуудын санаачилгад санхүүжилт олгоно

Б.Бадамгарав, IKon.mn
2019 оны 1 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах олон нийтийн санаачилгыг дэмжиж, хөрөнгө оруулах нэгэн шинэ төсөл хэрэгжиж эхэлжээ. “Утаа иргэд бидний өөрсдийн санаачилга, оролцоотойгоор буурах тул бүгдээрээ нэгдэцгээе!” хэмээн “DotEXE Mongolia” төслийнхөн уриалж, иргэдийн шинэ санал санаачилгыг дэмжин ажиллахаа мэдэгдэж байна.  

Төслийнхөн утааг бууруулах оновчтой шийдлийг санал болгохоос гадна иргэдийн гаргасан сайн санал санаачилгад хөрөнгө оруулж, олон нийтийн оролцоог дэмжих зорилготой юм. Япон, Монгол хоёр улсын иргэд хамтран хэрэгжүүлж буй гэдгээрээ онцлогтой энэ төслийн талаар төслийн багийнхнаас тодрууллаа.  

 

Төслийн менежер Мүнэёши Дугаржа “Би Японд 15 жил амьдарсан, Өвөр Монгол хүн. Монголын тухай мэдээллийг байнга авдаг. Агаарын бохирдол маш их байгаад эмзэглэн, чадах зүйлээ хийх юмсан гэдэг үүднээс өөрийнхөө ажилладаг Япон компанийн удирдлагуудад хандсан юм. Тэгтэл тэд дэмжье гэснээр энэ төсөл эхэлсэн. Бид өнгөрсөн есдүгээр сараас хойш судалгаа хийж, одоогийн байдлаар хоёр янзын туршилт хийж байна.

Нэг нь, Япон, Монголын эрдэмтдийн хамтарсан баг бүрэн шаталтат зуухны загвар гарган үр дүнг туршиж буй. Нөгөө нь, хотын захын сургуулийн уурын зуухны янданд утааны тортгийг 90 хувь бууруулах шүүлтүүр хийсэн. Аль алийг нь манай төслийн зөвлөх болох Япон, Монголын эрдэмтдийн хамтарсан багийн шийдлээр хийж байна. Удахгүй үр дүнг нь  нийтэд танилцуулна" гэлээ.

Мөн тэрбээр, "Бид агаарын бохирдлыг бууруулж, бодитой үр дүнд хүрэхийн тулд аль болох бага зардлаар хэрэглээнд нэвтрүүлэх технологиудыг эрэлхийлж байгаа. Гол нь утаа бууруулах шийдэл олохоос гадна бидний санаачилснаас илүү сайн шийдэлтэй хүмүүс байвал тэдэнд санхүүжилт олж өгөх юм. Тэр санхүүжилт буюу хандивын мөнгийг олон нийтийн хяналтад байлгах нь төслүүд үр дүнд хүрэхэд нөлөөлнө гэж үзэж байна. Тиймээс олон улсын байгууллагуудаас өгсөн хандивын мөнгийг 100 хувь олон нийтийн хяналтан дор байх нээлттэй үйл ажиллагаатай байгууллага руу шилжүүлнэ" хэмээв. 

 

Энэхүү байгууллага нь утаа бууруулах зорилготой мэргэжилтнүүд, төрийн бус байгууллагууд, олон нийтийн төлөөлөл буюу иргэдээс бүрдэнэ. Төслийн ажил эхэлж буй энэ цаг үед тус байгууллагад орох хүсэлтэй иргэн, олон нийтийн төлөөллийг нээлттэй урьж байна. Ийнхүү нэгдсэнээр хандивын мөнгө утааг бууруулах зориулалтаараа зарцуулагдаж байгаа эсэх, төслийн явц ямар байгаа зэрэг үйл ажиллагааг хянах боломжтой хэмээн үзжээ. 

Өнгөрсөн хугацаанд утааг бууруулахаар их хэмжээний мөнгө зарцуулсан ч төдийлэн үр дүнд хүрч чадаагүй билээ. Тиймээс санхүүгийн ил тод системээр ажиллах нь зөв гэж үзэж байгаа аж. Монголчуудын өөрсдийнх нь санаачилгаар, иргэдийн оролцоотойгоор л утаа буурах юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн учраас иргэдийг төслийнхөө багтай хамтраасай, хандаасай гэж урьж байгаагаа Төслийн менежер Мүнэёши Дугаржа хэллээ. 

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр тавдугаар сараас эхлэн түүхий нүүрс борлуулахыг хориглон, шахмал түлш хэрэглэх ёстой болж байгаа. Харин шахмал түлш нь өндөр илчлэгтэй тул энгийн зууханд хэрэглэснээр металл эд ангийг гэмтээх магадлалтай. Тиймээс керамик зуух хэрэглэх нь зүйтэй гэдгийг Дулааны Техник Үйлдвэрлэлийн Экологийн хүрээлэнгийн захирал, доктор Д.Жаргалсайхан хэллээ. Тэрбээр хоёр улсын хамтарсан багт ажиллаж буй бөгөөд тэдний туршиж байгаа бүрэн шаталтат зуух нь керамик доторлогоотой учир шахмал түлшээр галлахад ямар нэг асуудалгүй гэдгийг онцолж байв. 

 

“DotEXE” төслийг эхний ээлжид Японы Rebirth technology компани дэмжиж, санхүүжүүлсэн байна. Тус компанийн захирал Мичинари Накагава “Хүн бүр агаарын бохирдлыг бууруулахад өөрийн хийж чадах зүйлээ хийх нь хамгийн чухал гэж бид үзэж байгаа. Санхүүжилтийн хэмжээ ямар байхаас үл шалтгаалан бодит үр дүнгээ өгөх сайн саналд хөрөнгө оруулахад бэлэн байна. Төсөлд хоёр шаардлага тавина. Нэгдүгээрт, өөрсдөө хийх ёстой. Шинэ зүйл турших гэж байж болно. Гол нь монголчууд өөрсдөөсөө эхэл гэсэн санаа. Хоёрдугаарт, ашиг сонирхлын зөрчилгүй байх” хэмээн тодотгосон юм. 

“DotEXE Mongolia” төслийн хамт олон агаарын бохирдлыг бууруулахаар ажиллаж байгаа иргэдийг нэгдэж, мэргэжилтнүүд нь шийдлүүд санал болгоосой гэж хүсэж байна. Үр дүнд хүрэхүйц, шаардлага хангах төсөл, санаачилгыг төслийн баг болон Япон, Монголын эрдэмтдийн хамтарсан баг хэлэлцээд санхүүжилт олгох юм. Ташрамд, “DotEXE Mongolia” төслийн багт зөвлөхөөр Япон улсын Тохоку их сургуулийн багш, профессор Динил Пушпалал, Гифү их сургуулийн хүндэт профессор Хироши Моритомо, Дашиша их сургуулийн багш, доктор, профессор Фүжий Торү, Монголын эрдэмтдээс доктор, профессор С.Лодойсамба, доктор Б. Жаргалсайхан нар ажиллаж байгаа юм. 

Та бүхэн “DotEXE Mongolia” төслийн ФБ хуудас болон, info@dotexe.mn хаягаар төслийн багтай холбогдох боломжтой.