Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/28-НД НИЙТЛЭГДСЭН

“Зургаан сайдад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэж ойлгосон”

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 11 сарын 28
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар ЖДҮХС-гаас зээл авсан УИХ, Засгийн газрын гишүүдийн талаарх мэдээллийг Нийслэлийн прокурорын газар болон АТГ-аас авахаар болсон юм. Гэвч байнгын хорооны ирц бүрдээгүй учир хурал хойшлов. 

Энэ талаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр мэдээлэл хийлээ. 

Тэрбээр “Байнгын хорооны хурлын ирц бүрдэхийг хүлээх зуур НПГ-аас нэр бүхий гишүүдийн зүгээс тавьсан албан бичгийн хариуг ирүүллээ. Ямар албан бичиг анх тавьсан бэ гэхээр ЖДҮХС-гийн хэрэгт нэр холбогдоод байгаа ЗТХ-ийн сайд Я.Содбаатар, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, БХБ-ын сайд Х.Баделхан, ХНХ-ын сайд С.Чинзориг, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар нарын зургаан сайдтай холбоотой мэдээллийг албан бичигтээ оруулж, УЕП М.Энх-Амгаланд явуулсан.

Прокурорын байгууллагын хариуд 211 ААН-д 100 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт олгосныг шалгаж байна гэсэн байсан. Мөн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусаагүй тул мэдээлэл өгөх боломжгүй гэсэн байна. 

Эндээс дүгнэлт хийхэд, Эрүүгийн хэрэг хянан шалгах тухай хуулийн 29.3-т эрүүгийн хэрэг үүсгээд шалгаж байх явцад мэдээлэл өгөхгүй гэж заасан байдаг. Тэгэхээр нэр бүхий зургаан сайдад эрүүгийн хэрэг үүсгээд шалгаж байгаа юм байна гэж ойлгогдож байна. 

Түүнчлэн ажлаа өгсөн БХБ-ын дэд сайд Ш.Лхамсүрэн, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор, ЗГХЭГ-ын дэд дарга Б.Бат-Эрдэнэ нарт эрүүгийн хэрэг үүсгээд шалгаж байгаа юм байна” гэлээ.