Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/27-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Жавхлан, М.Амарболд нарт Өршөөлийн хуулиар суллагдах боломж бий юу?

Г.Номин, iKon.mn
2018 оны 11 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

"Очир" төвд амиа алдсан 13 настай охины хэргийн шүүх хурал Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд энэ сарын 23-нд болж, шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч Д.Жавхлан, М.Амарболд нарт хоёуланд нь бүх насаар нь хорих ял оноож, уг хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн.

Шүүгдэгчид анхан шатны шүүхийн шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах эрхтэйг хохирогчийн өмгөөлөгч Р.Булгамаа шүүх хурлын дараа хэлж байв.

Харин иргэдийн хувьд тэднийг "Хэдхэн жил хоригдоод Өршөөлийн хуулиар суллагдах юм биш биз дээ" гэх сэтгэгдлээ олон нийтийн сүлжээгээр илэрхийлсээр байна. Тиймээс бүх насаар хорих ял шилтгүүлсэн этгээд Өршөөлийн хуульд хамрагдах боломжтой эсэхийг өмгөөлөгч Г.Батбаяраас тодрууллаа. Тэрбээр "Бүх насаар хорих ял шийтгүүлсэн этгээд Өршөөлийн хуульд хамрагдах боломжгүй. Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын 5.6-6, 5.6-7 дахь заалтыг хараарай" гэсэн юм.

2017 оны долоодугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр хэрэгжиж буй Эрүүгийн хуулийн 5.6-6-д "Бүх насаар хорих ял шийтгүүлсэн хүн хорин таван жил хоригдсоны дараа шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, ялтны хувийн байдлыг харгалзан суллах эсэхийг шийдвэрлэнэ" гэжээ. Мөн 5.6-7-д "Энэ зүйлийн 6 дахь хэсэгт заасан журмаар ялтныг суллаагүй бол хоёр жил тутам энэ талаар дахин хэлэлцэнэ" гэсэн байна.

Тэгэхээр Д.Жавхлан, М.Амарболд нар давж заалдахгүй байх болон давж заалдсан ч дараагийн шатны шүүхүүд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн тохиолдолд тэднийг суллах эсэхийг 25 жилийн дараа дахин шүүхээр шийдвэрлэх нь.