"Очир" төвд амиа алдсан 13 настай охины хэргийн шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өглөөний 10:00 цагт эхэлсэн. Долоон цаг орчим үргэлжилсэн шүүх хурал завсарлаж, шүүгчид шийдвэрээ танилцуулав.
Шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч Д.Жавхлан, М.Амарболд нарт хоёуланд нь бүх насаар нь хорих ял оноосон гэдгийг хохирогчийн өмгөөлөгч Р.Булгамаа, Г.Батбаяр нар хэллээ.
АЛБАН ЁСНЫ ШҮҮХИЙН ШИЙДВЭР:
Д.Жавхлан, М.Амарболд нарт холбогдох хэргийн талаар
2018.11.23
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тус дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 2.7, 2.11 дэх заалт, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Амарболд, Д.Жавхлан нарт холбогдох эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцээд шүүхээс дараах шийдвэрийг гаргалаа.
М.Амарболд, Д.Жавхлан нарт Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 2.7, 2.11-д зааснаар шүүгдэгч М.Амарбол, Д.Жавхлан нарт бүх насаар нь хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Амарболдод 15 жилийн хугацаагаар хорих ял, Д.Жавхланд 20 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Шүүгдэгч нарт оногдуулсан хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн шүүгдэгч М.Амарболд, Д.Жавхлан нарын нийт эдлэх ялыг бүх насаар нь хорих ялаар тогтоож, уг хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Д.Жавхлан, М.Амарболд нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1-2.4, 10.1-2.7, 10.1-2.11, 11.6-2, 12.1-4 дэх хэсэгт заасан эрүүгийн гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байдаг.
10.1 дүгээр зүйл.Хүнийг алах
1.Хүнийг алсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Хүнийг:
2.4.өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор;
2.7.хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд, жирэмсэн болохыг мэдсээр байж;
2.11.бүлэглэж;
11.6 дугаар зүйл.Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах
2.Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
12.1 дүгээр зүйл.Хүчиндэх
1.Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!