Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/21-НД НИЙТЛЭГДСЭН

"Очир" төвд амиа алдсан 13 настай охины хэргийн шүүх хурал хойшиллоо

Г.Номин, iKon.mn
2018 оны 11 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

"Очир" төвд амиа алдсан 13 настай охины хэргийн шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 10:00 цагт эхэлсэн.

Шүүх хурлын эхэнд шүүгдэгч Д.Жавхлангийн өмгөөлөгч нарийн мэргэжлийн шинжилгээ өгөх шаардлагатай болсон тул шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсон гэх шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан юм. Шүүх бүрлэдэхүүн тус хүсэлтийг ханган шийдвэрлэж, шүүх хуралдааныг энэ сарын 23-ны 10:00 цагт товлов.

Шүүхийн албан ёсны шийдвэрт,

Д.Жавхлан, М.Амарболд нарт холбогдох хэргийн талаар

2018.11.21

Шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Жавхлангийн өмгөөлөгч О.Цэрэнпунцаг эмнэлгийн байгууллагад шинжилгээ өгөх үндэслэлээр хойшлуулах хүсэлтийг бичгээр гаргасан.

Мөн иргэн О.Баасанхүү шүүх хуралдаанд ажиглагчаар оролцох тухай хүсэлт бичгээр гаргасан.

Шүүх бүрэлдэхүүн хүсэлтүүдийг шийдвэрлээд дараах шийдвэрийг гаргалаа.

Шүүгдэгч Д.Жавхланг Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт оролцож өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхийг хангаж шүүх хуралдааныг 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 10 цаг хүртэл хугацаагаар хойшлуулж, шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Мөн иргэн О.Баасанхүүгийн хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ. Шүүх хуралдааныг хаалттай явуулж байгаа, түүнчлэн хохирогчийн эрх ашгийг хамгаалан Т.Лхагвасүрэн, С.Баясгалан нар, тэдний эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалан, хууль зүйн туслалцаа үзүүлэхээр өмгөөлөгч Р.Булгамаа, Г.Батбаяр, Х.Баасанжаргал нар оролцоно. Иймд хаалттай явуулах шүүх хуралдаанд хэргийн оролцогч нараас өөр хүнийг оролцуулах боломжгүй гэж үзлээ.

Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч О.Цэрэнпунцагийг Зөрчлийн тухай хуулийн 15.7 дугаар зүйлийн 2-т заасан “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулах” зөрчлийг гаргасан гэж үзэж, шүүхээс 300,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдууллаа.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн
Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн
Тамгын газар

 
Гэрэл зургийг mpa.mn

Шүүх хуралдааны үеэр шүүхийн Тамгын газрын гадаа Монголын эмэгтэйчүүдийн холбооны гишүүд охины амь насыг хохироосон этгээдүүдэд хуулийн хүрээнд хамгийн хүнд шийтгэл оноохыг шаардаж тайван жагсаал зохион байгуулсан бөгөөд тус жагсаалд Нүдээ нээ хөдөлгөөнийхөн, Лантуун дохио ТББ-ын гишүүд мөн оролцлоо.

 
Гэрэл зургийг mpa.mn

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Д.Жавхлан, М.Амарболд нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1-2.4, 10.1-2.7, 10.1-2.11, 11.6-2, 12.1-4 дэх хэсэгт заасан эрүүгийн гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.

Хуулийн заалт:

10.1 дүгээр зүйл.Хүнийг алах

1.Хүнийг алсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Хүнийг:

2.4.өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор;

2.7.хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд, жирэмсэн болохыг мэдсээр байж;

2.11.бүлэглэж;

11.6 дугаар зүйл.Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах

2.Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

12.1 дүгээр зүйл.Хүчиндэх
1.Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.