2017 оны оны наймдугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүрэгт байрлах "Очир төв" буудалд амиа алдсан 13 настай охины хэргийн шүүх хурал өнөөдөр болж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр 23-н хүртэл хойшиллоо.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны наймдугаар сарын 29-нд уг хэргийг хэлэлцэж, шүүгдэгч нарыг хохирогч архины цочмог хордлогын улмаас амь нас хохирсонд гэм буруутай эсэх талаар мөрдөн шалган ажиллагаа явуулаагүй, тэдний үйлдлийг Эрүүгийн хуулийн зохих зүйл, хэсгээр зүйлчлэн ирүүлээгүй тул мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр шүүх хэргийг прокурорт буцаасан байдаг.
Шүүх хуралдааны өмнө прокуророос ирүүлсэн яллах дүгнэлт, зүйлчлэлийн талаар охины аав "Монголын шүүх шударга шийдвэр гаргана гэдэгт итгэж байна. Зургаадугаар сард болсон шүүх хурлыг миний зүгээс шударга шүүлт боллоо гэж үзсэн. Бидний зүгээс тавьсан зүйл анги өөрчлүүлэх, нэмүүлэх хүсэлтийн дагуу хэргийг прокурорт буцаасан" хэмээсэн юм.
Мөн хохирогчийн өмгөөлөгч Р.Булгамаа "Энэ хэрэг хүн амины хэргийн үндсэн гурван шинжийг агуулж байгаа. Бага насны хүүхдийг биеэ хамгаалах чадваргүй байдлыг нь далимдуулсан, хүчиндэх гэмт хэргийг үйлдэхдээ зүй бусаар үйлдсэн, амь насаа алдах нөхцөлийг бүрдүүлсэн.
Очир төвд хүн амины хэрэг гарсан гэдэг нь хэргийн газрын үзлэг, нотлох баримтуудаар маш тодорхой харагдаж байгаа. Зочид буудлын цагаан хэрэгсэл цусанд будагдсан байхад хүн амины хэрэг гараагүй гэж үзэх арга байхгүй.
Дөнгөж сая би хэргийн хавтаст хэрэгтэй дахин нягталж танилцлаа. Шүүгдэгч М.Амарболд хамгийн анхны мэдүүлэгтээ "Нялх ногоо зулгаая гэж Жавхлан ах хэлсэн. Охиныг нас барсны дараа өглөө нь машинтай хүн хэн байдаг билээ авч яваад булчихая гэж хэлж байсан" хэмээн ярьсан байдаг. Ийм хэргийг ганцхан хүчиндэх гэмт хэргээр зүйлчлэх нь учир дутагдалтай байсан гэдгийг өмгөөлөгч нарын зүгээс удаа дараа тавьсныг шүүх бодитоор авч үзсэн.
Өнөөдөр шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд, яллагдагч нарын хандлага, санаа зорилгыг харгалзан үзэж бодитой шийдвэр гаргана гэж найдаж байгаа.
Манай үйлчлүүлэгч 13 нас гуравхан сартай байсан. Энэ бяцхан охиныг маш зэрлэгээр хүчирхийлж, амь насыг хохироосон аймшигтай хэрэг. Охиныг хүчирхийлж, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасныг нотлох гэрэл зургууд байгаа.
Хэргийн процесс удаашралтай явж, энэ хугацаанд охины ар гэрийнхэн үнэхээр ихээр шаналж тарчлан зовж байна. Гэтэл шүүгдэгчийн өмгөөлөгч зарим хэвлэлд ярилцлага өгч, үйлчлүүлэгчийг маань буруутгасан хандлагатай байгаагаа илэрхийлсэнд бид маш их харамсаж байна. Бидний зүгээс шүүхийн шийдвэр гараагүй байгаа энэ нөхцөлд шүүгдэгчдийг нэг ч удаа алуурчин гэж хэлээгүй. Ийнхүү хүндэтгэлтэй хандаж байхад үйлчлүүлэгч охиныг маань гэм буруутай байсан мэтээр гүтгэж, охины биед хумсын толионы чинээ гэмтэл сорви байгаагүй гэж мэдэгдсэн байна.
Хэрвээ шүүх энэ хэргийг шударга шийдэхгүй бол хэргийн газрын зургийг олон нийтэд дэлгэнэ гэдгээ охины аав хэлээд байгаа. Гэхдээ шүүх хэргийг шударгаар шийдэж, тийм нөхцөл байдалд хүргэхгүй байх гэж найдаж байна" хэмээн хэллээ.
Шүүх хуралдааны өмнө хохирогч охины аав болон өмгөөлөгч дээрх мэдээллийг хэвлэлийнхэнд хандан өгсөн бөгөөд шүүгдэгчдийн талаас байр сууриа илэрхийлж мэдээлэл өгсөнгүй.
10.1 дүгээр зүйл.Хүнийг алах
1.Хүнийг алсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Хүнийг:
2.4.өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор;
2.7.хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд, жирэмсэн болохыг мэдсээр байж;
2.11.бүлэглэж;
11.6 дугаар зүйл.Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах
2.Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
12.1 дүгээр зүйл.Хүчиндэх
1.Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!