Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/22-НД НИЙТЛЭГДСЭН

Билл Гэйтс HBO-гийн инээдмийн цувралаас өөрийгөө олжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 11 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Майкрософтын үүсгэн байгуулагч, тэрбумтан Билл Гэйтс саяхан HBO сувгийн бүтээл “Silicon Valley” инээдмийн цуврал киноны талаар сэтгэгдлээ олон нийттэй хуваалцжээ.

Тэрээр энэхүү цувралыг өндрөөр үнэлж, Цахиурын хөндийн бодит амьдралыг урлагт хамгийн сайн дүрсэлсэн бүтээл гэж нэрлэсэн байна. “Орчин үеийн урлагт Цахиурын хөндийн амьдралыг ингэж зөв дүрслэх нь ховор” гэж хувийн сошиал хуудсандаа гайхан бичсэн Гэйтс хэрвээ технологийн салбарт амьдрал яаж өрнөдгийг ойлгоё гэвэл “Silicon Valley” цувралыг үзэхийг хүмүүст зөвлөжээ.

Тэр бас уг цувралын нэг гол баатар болох Ричард Хэндриксийг өөртэй нь хамгийн төстэй хүн гэж бичсэн байна. Хэндрикс нь авьяаслаг програм зохиогч боловч хүмүүстэй харилцахдаа асуудал, бэрхшээлтэй тулгарч байгаагаар дүрслэгддэг жижиг компанийн үүсгэн байгуулагч юм.

Гэхдээ Гэйтс нэг л зүйл дээр бодит байдлаас гажуудсаныг хэлжээ. Тэр “Silicon Valley” цувралд жижиг компаниудыг хэтрүүлэн дөвийлгөж, том компаниудыг болхи, чадвар муутай харуулсныг ингэж хэлсэн байна.

Гэхдээ энэ бол бүтээлийг сонирхолтой болгох арга гэдгийг Гэйтс хүлээн зөвшөөрчээ.

“Silicon Valley” цувралын 5 дугаар бүлэг тавдугаар сард дууссан юм. Гэйтс энэ бүлгийг одоо үзэж байгаа бололтой. Цувралын дараагийн бүлэг 2020 оноос нааш дэлгэцэнд гарахгүй болж, саатсан тухай саяхан хэвлэлүүд мэдээлсэн байна.

 

Эх сурвалж: Mashable