Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/22-НД НИЙТЛЭГДСЭН

APEC-ийн дараах Папуа Шинэ Гвинейд тогтворгүй байдал үргэлжилж байна

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 11 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр APEC-ийн дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулсан Папуа Шинэ Гвиней улсын нийслэл Порт Морсбид байдал тогтворгүй хэвээр байна.

АНУ, Хятад, Япон зэрэг Номхон далайн бүсийн 21 орны удирдагчдын аюулгүй байдлыг хангасан хэдэн зуун цэрэг, цагдаа өнгөрсөн Мягмар гарагт ажлын хөлсөө нэхэж, парламентын ордон руу халдсан юм.

Тэд ордны цонх, хаалга, зогсоолд байсан автомашинуудыг эвдэн сүйтгээд зам талбайг хаасан байна. Парламентын зарим гишүүд тэдний халдлагад өртсөн гэх мэдээлэл бий.

Энэ явдлын дараа засгийн газрын сайд нар цэрэг, цагдаа нартай хэлэлцээр хийж, удаасан цалин хөлсийг нь олгохоор болжээ. APEC-ийн зохион байгуулалт хариуцсан дарга, ерөнхий сайдын зөвлөх Крис Хокинс тэдний цалин хөлсийг шилжүүлж эхэлснээ мэдэгдээд Лхагва гарагийн өглөө дансаа шалгахыг босогчдод зөвлөсөн байна.

Гэвч маргааш нь армийн офицерууд амласан цалин хөлсний өчүүхэн хэсэг дансанд нь шилжиж орсныг зарлаж, тэмцлээ үргэлжлүүлжээ. Тэд Лхагва гарагийн үдээс хойш дахин засгийн газрын төлөөлөлтэй уулзсан байна.

Энэ үеэр цагдаагийн удирдлагууд үлдэгдэл мөнгийг ирэх долоо хоногт гүйцээж шилжүүлнэ хэмээн амлажээ.

Иргэдийн мэдээлж байгаагаар Лхагва гарагийн шөнө нийслэл Порт Морсбид буун дуу сонсогдож, цагдаа нар гэмт хэргийн дуудлага хүлээж авахгүй гэдгээ оршин суугчдад анхааруулсан байна.

Зарим дүүргийн төрийн байгууллагуудын офист халдаж, эд хөрөнгийг нь сүйтгэсэн тохиолдлууд бүртгэгдсэнийг орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ.

2011 оноос ерөнхий сайдаар ажиллаж байгаа Питер О Нэйлийн засгийн газрын эсрэг тэмцэл Папуа Шинэ Гвинейд тасрахгүй байгаа.

Дэлхийн хамгийн ядуу орнуудын тоонд ордог энэ улсад авлига, төрөл төрөгсдийн албан тушаалын сүлжээ газар авсан нь иргэдийг бухимдуулдаг юм.

2016 онд О Нэйлийг огцрохыг шаардсан оюутнуудын тэмцлийг цагдаа нар галт зэвсэг хэрэглэн тарааж байв. Өнгөрсөн сард APEC-ийн бэлтгэлд зориулж засгийн газар 40 ширхэг Масерати, гурван ширхэг Бэнтли автомашин худалдаж авсныг ард иргэд эсэргүүцэн тэмцэж байлаа.

APEC-т оролцсон хэдэн удирдагч Масерати хөлөглөснийг хэлж чадаагүй Папуа Шинэ Гвинейн засгийн газар тансаг машинуудаа удахгүй дуудлага худалдаагаар зарж, гаргасан зардлаа олж авна гэж мэдэгджээ.

Тус улсын хүн амын 80 хувь нь зам дэд бүтэц, цахилгаан эрчим хүч байхгүй ядуу тарчиг нөхцөлд амьдардаг юм.

 

Эх сурвалж: The Guardian