Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/22-НД НИЙТЛЭГДСЭН

Насанд хүрээгүй сүйт бүсгүйг Өмнөд Суданд 500 үхрээр сольж авжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 11 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Иргэний дайнд нэрвэгдсэн Өмнөд Судан улсад насанд хүрээгүй охиныг сүйт бүсгүй болгож авах өрсөлдөөн Фэйсбүүк сүлжээгээр саяхан явагдаж, тус улсын түүхэнд байгаагүй өндөр үнэ хүрсэн байна.

17 настай охиныг түүнээс гурав дахин өндөр настай эр 500 үхэр, гурван автомашин, $10,000, хоёр моторт дугуй, нэг завь, цөөн тооны гар утсаар сольж аван ес дэх эхнэрээ болгожээ.

Өнгөрсөн сард тус улсын зүүн мужид болсон дуудлага худалдаанд нийт дөрвөн эр өрсөлдсөн гэнэ. Уг ажиллагааг зогсоохыг оролдсон ч амжилт олоогүй хүний эрхийн тэмцэгчид буруутай этгээдүүдэд шийтгэл оноох ёстой гэж үзэж байна.

Сүйт бүсгүйг худалдаж авсан эр энэ сарын эхээр хуримаа хийжээ. Өрсөлдөгчдийн дунд мужийн дэд захирагч байсан нь Өмнөд Суданы олон нийтийг бухимдуулсан байна.

Өмнөд Суданд сүйт бүсгүйд инж төлдөг уламжлал бий. Гэхдээ энэ нь голдуу үхэр хэлбэрээр байдаг юм. Хэдийгээр ийм ёсыг засгийн газар хууль бус гэж үздэг ч алслагдсан бүс нутгуудад амь бөхтэй хэвээр байна. НҮБ-ын хүн амын сангийн тоо баримтад өгүүлснээр Өмнөд Суданы охидын 40 хувь нь 18 нас хүрэхээсээ өмнө гэрлэдэг гэнэ.

Дуудлага худалдааг зогсоогоогүй Фэйсбүүк компани мөн олон улсын шүүмжлэлд өртсөн байна. Энэ тухай гомдол гаргасан ч Фэйсбүүк хэдэн өдрийн дараа устгах арга хэмжээ авжээ. Фэйсбүүк компани сүүлд мэдээллийг, холбогдох хаягнуудыг устгаснаа мэдэгдэж, уучлал гуйсан байна.

Өмнөд Суданы засгийн газрын төлөөлөгч Атени Вэк Атени дээрх явдлыг буруутгаж байгаагаа илэрхийлсэн ч алслагдсан бүс нутгуудад оршсоор байгаа бурангуй ёс заншлыг зогсоож чадахгүй гэдгээ хүлээн зөвшөөрчээ.

“Үүнийг дуудлага худалдаа гэж нэрлэж болохгүй. Европчуудын нүдээр үүнийг дуудлага худалдаа гэх байх. Харин Африкчуудын нүдээр харвал энэ нь олон мянган жил хадгалагдсан уламжлал. Үүнийг илэрхийлэх англи үг байхгүй” гэж тэр мэдэгдсэн байна.

Гэхдээ Өмнөд Суданы зарим улс төрчид үүнтэй эвлэрч болохгүй, насанд хүрээгүй хүмүүсийг гэрлүүлэх явдлыг 2030 онд бүрэн арилгах зорилтоо засгийн газар биелүүлэх ёстойг сануулжээ.

 

Эх сурвалж: Associated Press