Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/19-НД НИЙТЛЭГДСЭН

ЭНТО ХХК: 2010 онд ЭМЯ-нд Виферон лааны эмчилгээний үр дүн, нотолгоог бид хүргүүлж байсан

Б.МАНЛАЙ, IKON.MN
2018 оны 11 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг: mpa.mn

Сүүлийн үед вирусийн эсрэг өргөн хэрэглэж буй "Виферон" лаа нь хүүхдийн эмчилгээний удирдамжид ороогүй, ялангуяа томуугийн үед хэрэглэхгүй байх талаар хүүхдийн эмч, мэргэжилтнүүд хэлж анхааруулж, эмчилгээний үр дүнгийн талаар нотолгоо гаргуулах шаардлагатай зэрэг олон шуугиан дэгдээд байгаа билээ.

Энэ асуудлаар өнөөдөр Эрүүл Мэндийн Яам ч дахин өөрийн байр сууриа илэрхийлсэн юм. Тэгвэл үүний дараагаар тус лааг ОХУ-аас Монгол Улсад оруулж ирдэг "Энто" ХХК мэдээлэл хийгээд байна.

"Энто" ХХК-ийн өмгөөлөгч Ш.Алтангадас "Виферон лаа нь 2010 онд эмийн бүртгэлд бүртгэгдэн Монгол Улсад найм дахь жилдээ худалдаалагдаж буй бүтээгдэхүүн юм. Тус бүтээгдэхүүн нь гэнэт орж ирж шинээр худалдаалагдаж эхэлсэн бүтээгдэхүүн биш.

ЭМЯ-наас өнөөдөр хийсэн мэдэгдэлд тус бүтээгдэхүүн нь 2010 онд эмийн бүртгэлд бүртгэгдсэн, түүнээс хойш тус лааны хэрэглээний үр дүнд ямар нэгэн гаж нөлөө, сөрөг үр дагавар илрээгүй байна хэмээн мэдээлсэн байсан.

Монголд анх 2010 онд оруулж ирж байсан, тухайн үед улсын бүртгэлд бүртгүүлэхдээ компанийн зүгээс бүрдүүлдэг бүхий л шаардлагатай бичиг баримт, судалгаа нотолгооны үр дүнгийн ажилтай хамт бид бүрдүүлж өгч байсан.

Гэтэл Эрүүл Мэндийн Сайд тус лааны хэрэглээний талаар бидэнд ямар нэгэн судалгааны баримт, нотолгоо ирүүлээгүй байна хэмээн мэдэгдсэнээр ЭМЯ-ны байр суурь маш олон байдлаар өөрчлөгдөж байгааг бид харж байна.

Энэхүү зөрүүтэй мэдээллээс болж иргэд, хэрэглэгчид хамгийн ихээр хохирч байгаа. Үүнээс болж бидэнд ч мөн иргэдээс маш их асуулт, санал хүсэлт ирж байна.

Тийм ч учраас манай компанийн зүгээс СХД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүх болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл өгсөн.

Энэхүү нэхэмжлэлд компанийн үйл ажиллагаатай холбоотой, компанийн нэр төрд халдсан гэх үндэслэлээр Эрүүл мэндийн сайдын гаргасан мэдээлэл, үйлдлийг хууль бус эсэхийг тогтоолгохоор хүлээж байна" гэлээ.

Бид судалгаа, нотолгоог 2010 онд ЭМЯ-нд хүргүүлж байсан, саяхан хүртэл дахин хүргүүлсэн

 
Гэрэл зургийг: mpa.mn

Энто ХХК-ийн Үйл ажиллагаа эрхэлсэн захирал С.Баянмөнх “Энэхүү бүтээгдэхүүн нь 50 гаруй жилийн эрдэмтэн судлаачдын ажлын үр дүнд гарсан бүтээгдэхүүн юм. Мөн сүүлийн 20 жилийн хугацаанд практикт хэрэглэгдэн явж байна.

ЭМЯ-ын мэдээлж буйгаар 2010 онд 5,884 бүтээгдэхүүн бүртгэлтэй байна. Эдгээр бүтээгдэхүүнийг бүртгүүлэхийн тулд хэрэглээний талаарх бүхий л судалгаа, материалыг бид 2010 онд бүрдүүлж өгсөн байсан. Лааны асуудал гарснаас хойш бид саяхан хүртэл дахин илгээсэн.

Харин тус бүтээгдэхүүний талаар өнгөрөгч нэгний өдөр Эрүүл мэндийн сайдын хийсэн мэдэгдэлд “Тухайн бүтээгдэхүүн нь аюулгүй эсэх нь нотлогдоогүй, Азийн Хөгжлийн Банк болон зарим судлаач, эрдэмтдийн бүрэлдэхүүн үүнийг аюулгүй эсэхийг батлаагүй тул Монгол Улсад хэрэглэж болохгүй” гэсэн байсан.

Мөн хэд хоногийн дараагаар дахин хийсэн нэгэн мэдэгдэлд "Би тус бүтээгдэхүүнийг хэрэглээнээс хасах тухай огт яриагүй" гэж байр сууринаасаа буцсан мэдэгдлийг хийсэн.

Энэхүү мэдээллийн дараагаар манай компанийн зүгээс Азийн хөгжлийн Банкинд хандан мэдээлэл өгөхийг хүссэн. Хүсэлтийн дагуу Азийн хөгжлийн Банк "Бид ямар нэгэн эмийн хэрэглээ, гаж нөлөө, эмийн талаар судалгаа дүгнэлт хийгээгүй, хийдэггүй болно" хэмээн мэдэгдсэн.

Гэвч Сайд өнөөдөр хүртэл дүгнэлт гараагүй, бид одоо судалж байна хэмээн мэдээлсэн хэвээр байна.

Энэ бүтээгдэхүүнтэй холбоотой бүхий л бичиг баримт, албан ёсны эх сурвалжаас авсан судалгааг ЭМЯ-нд өгөгдсөн байгаа юм. Иймд "ЭНТО" ХХК-ийн зүгээс Эрүүл мэндийн Сайдыг албан ёсны зохих мэдэгдлийг өгөх шаардлагатай байна гэдгийг мэдэгдлээ.

Зураг
13 | 16 | 16 цаг