Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/02-НД НИЙТЛЭГДСЭН

Жижиг дундаас ч бага хүүтэй том зээлийн асуудлыг эцэслэсэн үү

Д.Мягмардорж
2018 оны 11 сарын 2
Үндэсний шуудан
Зураг зураг
Монголбанк

Жижиг дундчуудад хүртээлгүй гэдэг нь ил болсон Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас гурван хувийн хөнгөлөлттэй зээл олгож, ашиг сонирхлын зөрчилтэй олон тэрбумын асуудал сөхөгдөж. Тэгвэл Төв банк үүнээс гурав дахин бага буюу 0.89 хүүтэй зээл гаргасны улмаас улс гурван их наяд төгрөгийн алдагдал хүлээгээд удаж байна. Монголбанк, Засгийн газартай хамтран Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг 2012 оны аравдугаар сараас эхлэн хэрэгжүүлсэн.

Энэ хүрээнд хүнсний бүтээгдэхүүн, барилгын салбар, шатахуун, өргөн хэрэглээний импортын бараа, эрчим хүчний үнэ тарифыг тогтворжуулах гэсэн таван дэд хөтөлбөр хэрэгжүүлсэн байдаг. Эдгээр хөтөлбөрийн хүрээнд Төв банк нийт 4.53 их наяд төгрөг гаргасан. Тухайлбал, хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг барих дэд хөтөлбөрийн хүрээнд махны зоорь барих компаниудад 1^.8 тэрбум төгрөгийг 0.89 хувийн хүүтэй, гурилын үйлдвэрүүдэд 106.6 тэрбум төгрөгийг 0.89 хувийн хүүтэй, хүнсний ногооны зоорь барих 66 компанид 137 тэрбум төгрөгийг 0.89 хувийн хүүтэй олгосон бол барилгын салбарыг дэмжих дэд хөтөлбөрийн хүрээнд 86 компанид 384.2 тэрбум төгрөгийг 2.5-4 хувийн хүүтэй олгосон.

Мөн орон сууцны ипотекийн зээлд зориулан Төв банкнаас арилжааны банкуудад дөрвөн хувийн хүүтэй санхүүжилт олгож, банкууд цааш нь найман хувийн хүүтэйгээр гурван их наяд төгрөгийг гаргасан байдаг. Үүнээс гадна шатахууны жижиглэнгийн үнийг барихын тулд 14 нефть импортлогчид 0.89 хүүтэйгээр 226.4 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлсэн юм. Тэр үед Төв банкны бодлогын хүү 13 хувь, арилжааны банкуудын зээлийн дундаж хүү 22 хувь байжээ.

АМ.ДОЛЛАРЫН ХАНШ УРУУДСАН НЬ

Монголбанкнаас хэрэгжүүлсэн дээрх уламжлалт бус бодлогоос үүдэж гадаад валютын албан нөөц 2012 онд 4.1 тэрбум ам.доллар байсныг 2016 онд 1.3 тэрбум ам.доллар хүртэл бууруулжээ. Учир нь төгрөгийн ам.доллартай харьцах ханш 1,392 төгрөгөөс 2,489.5 төгрөг болгож нэмэгдэх хугацаанд Төв банк байсан нөөцөөрөө интервенц хийсэн хэрэг. Бүр тодруулбал, 2013 оны эхэнд нэг ам.доллартай тэнцэх төгрөгийн ханш 1,392.43 байснаас хойш таван жилийн хугацаанд 74 хувиар суларч 2017 оны эцэст 2,427.13 төгрөг болжээ. Өөрөөр хэлбэл, төгрөгийн ханшийн уналтыг дагаад ам.доллараар худалдаж авдаг бүхний үнэ 74 хувиар өссөн гэсэн үг.

Ингэснээр ам.доллараар зээл авсан хувийн хэвшлийнхэн том эрсдэл хүлээсэн. Манай улс ханшийг хүчээр барьдаггүй ч шаардлагатай үед арга хэмжээ авах “удирдлагатай хөвөгч дэглэм”-тэй улс. Төв банк ханшийн савлагааны үед зах зээл хямд үнэтэй ам.доллар нийлүүлж арга хэмжээ авдаг. Гэхдээ энэ бүрт гадаад валютын нөөц дундарч, улсын санхүүгийн байдал хүндэрдэг. Ийм учраас Төв банк зогсоо зайгүй интервенц хийж байх нь сайн бодлого биш гэдгийг тухайн үеийн сургамжаас харж болно.

Монголбанкнаас зарладаг төгрөгийн ам.доллартай харьцах ханш хамгийн ихдээ өдөрт таван төгрөгөөр суларч байсан бол 2013 оны 6-9 дүгээр сарын хооронд хурдтай сулрах болсон бөгөөд өдөрт 20 хүртэлх төгрөгт хүрсэн юм. Энэ нь тухайн үед Засгийн газар, Монголбанкнаас хамтран хэрэгжүүлсэн үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд зах зээлд нийлүүлсэн төгрөгөөс шалтгаалсан гэж үзэж болно. Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн үр дүнд зах зээлд төгрөгийн нийлүүлэлтийн илүүдэл бий болж, энэ нь импортын барааны эрэлтийг нэмэгдүүлснээр валютын эрэлтийг дэмжсэн юм.

Монголбанкны тайлангаас үзвэл 2013-2015 онд цэвэр дүнгээр долоон тэрбум орчим ам.долларыг Төв банкнаас валютын захад нийлүүлсэн байна. Энэ нь Төв банкны тайлбарлаж байсан шиг зүгээр огцом хэлбэлзлийг бууруулах төдий зүйл биш бөгөөд хүчээр валютын захад нөлөөлж байсныг харуулдаг. Гадаад болон дотоодын судлаачдын судалгааны үр дүнгээс үзвэл валютын захад Төв банкнаас ингэж хэт их оролцсоноор Төв банкны валютын нөөц шавхагдаж, ханшид нөлөөлөх боломж барагдсан тэр үед валютын ханшид огцом тохиргоо хийгддэг болохыг онцолсон байдаг.

Харин 2017 эхэнд нүүрсний үнэ өсөж, Олон улсын валютын сангийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдахаар болсноор донор байгууллагууд болон бусад улс орны засгийн газраас хөнгөлөлттэй эх үүсвэрүүд Монгол Улсад орж төгрөгийн ханш чангарах болсон.

ҮНЭ ТОГТВОРЖУУЛАХ БУС ИНФЛЯЦЫГ дэмжсэн

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос Монголбанкны 2012-2016 оны үйл ажиллагаа, мөнгөн гүйлгээ, хүлээсэн алдагдлын шалтгааныг өнгөрсөн онд танилцуулсан бөгөөд шалгалтын ажлын хэсэгт багтсан УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ “Үнэ тогтворжуулах хөтөлбөр цөөн тооны компанийг дэмжих хэрэгсэл байжээ” хэмээн товчхон дүгнэсэн байдаг. Ажлын хэсгийн дүгнэлтэд Үнэ тогтворжуулах хөтөлбөр үр дүнгээ өгөөгүйг дурдахдаа, 2012-2014 онуудад инфляцын зорилтод түвшин хангагдаагүй байсан нь мөнгөний нийлүүлэлтийн өсөлт буюу мөнгөний тэлэх бодлого явуулсантай холбоотой гэж байв.

Харин 2015-2016 онуудад инфляцын зорилтот түвшин хангагдсан нь өмнөх жилүүдийн мөнгөний тэлэх алдаатай уламжлалт бус бодлогын улмаас хөрөнгө оруулалт, бизнесийн салбар зогсонги байдалд орж, иргэдийн худалдан авах чадвар муудаж, улсын төсвийн хэт их ачаалал, төлбөрийн тэнцлийн дарамтаас улбаалсан эдийн засагт агшилт нөлөөлснөөс үүдэлтэй гэж мөн дүгнэсэн юм. Ингэхдээ 2015 онд үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хэрэгжилтэд хийсэн аудитын тайланг үндэслэж байлаа. Аудитын тайлангаас дурдвал, “Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах" дэд хөтөлбөрийн хүрээнд “Нөөцийн махны менежер"-ийн шалгаруулахдаа шаардлага хангаагүй компаниудыг сонгосон.

Гурилын үнийг тогтворжуулах хөтөлбөрийн 2-6 шалгуур үзүүлэлтийг хангаагүй гурилын үйлдвэрийг шалгаруулж 73.9 тэрбум төгрөгийн зээл олгосон. Хүнсний бүтээгдэхүүний зоорь, агуулахыг нэмэгдүүлэх, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх 12 компанийг шалгуур үзүүлэлтийг хангаагүй байхад шалгаруулж, 35.4 тэрбум төгрөгийн зээл олгосон талаар дурдаж байсан юм.

Тэгвэл Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах дэд хөтөлбөрийн хүрээнд Монголбанкнаас шатахуун импортлогч компаниудын бүтээгдэхүүн татан авалтад зориулж хоёр жилийн хугацаанд 1,579.95 сая ам.долларыг хөнгөлөлттэй ханшаар худалдсан гэдгийг тогтоосон. Энэхүү ханшийн хөнгөлөлтөөс Монголбанк нийт 354,278.43 сая төгрөгийн алдагдал хүлээснийг онцолж байсан юм. Монголбанкнаас хөтөлбөрт хамрагдсан компаниудад 2012 оны арваннэгдүгээр сараас 2014 оны гуравдугаар сарын хооронд 226.4 тэрбум төгрөгийг жилийн 0.89 хувийн хүүтэйгээр арилжааны банкаар дамжуулж олгосон байна. Гэтэл арилжааны банкууд Монголбанкны зээлийн хүү дээр 2.91 хувийн ашиг нэмж дэд хөтөлбөрт хамрагдсан шатахууны компаниудад жилийн 3.8 хувийн хүүтэйгээр зээлжээ.

Уг зээлийн хүү нь тухайн үеийн Монголбанкны бодлогын хүүгийн дунджаас 13 дахин бага байсан бөгөөд Төв банк зээлийн хүү болон бодлогын хүүгийн зөрүүгээс нийт 54,152.73 сая төгрөгийн алдагдал хүлээсэн юм. Улмаар Монголбанк 408.4 тэрбум төгрөгийн хүүгийн болон валютын ханшны алдагдал хүлээж байхад хөтөлбөрт хамрагдсан аж ахуйн нэгжүүдийн татварын тайлангаас харахад ашгийн хувь хөнгөлөлттэй зээлийг олгох үед 1.6 хувь байсан бол зээлийг олгосны дараа 2013 онд 4.8 хувь, 2014 онд 6.9 хувь, 2015 онд 7.8 хувь болж тус тус нэмэгдсэн байжээ. Энэ мэтээр бусад дэд хөтөлбөрүүдээс ч олон тооны зөрчил илэрсэн байдаг.

Тиймээс Ажлын хэсгийнхний зүгээс Монголбанкны Эрдэнэсийн сангийн хууль бус байж болзошгүй зарим гүйлгээг хууль хяналтын байгууллагаар шалгуулах, хяналт шалгалтаар илэрсэн нотлох материал болон Үндэсний аудитын газраас 2015 онд “Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хэрэгжилт”-д хийсэн шалгалтаар тогтоогдсон үнэ тогтворжуулах дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэгч 13 аж ахуйн нэгжийг хууль бусаар сонгон шалгаруулж, нийт 127,2 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгосон тухайн үеийн ҮХАА-ын сайд, Барилга, хот байгуулалтын сайд, Эрчим хүчний сайд нарыг хууль хяналтын байгууллагаар шалгуулах УИХ-аас гарах шаардлагатай шийдвэрийн санал гаргасан юм.

Мөн Засгийн газартай хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ хууль зөрчиж хөтөлбөрт хамрагдаж зээл авах компаниудын нэр, зээлийн хэмжээ зэргийг зааж өгсөн зэрэг үндэслэлээр Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг уг хохирлыг нөхөн төлүүлэх, төрийг хохиролгүй болгох, хуулийн хариуцлага хүлээлгүүлэхээр хууль хяналтын байгууллагад шилжүүлэх зэргийг дурдаж байсан юм. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцсэн бөгөөд “Монголбанкинд хийсэн шалгалттай холбогдуулан авах арга хэмжээний тухай" тогтоол баталсан билээ.

Зураг