Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/01-НД НИЙТЛЭГДСЭН

Иргэд худалдан авах махныхаа гарал үүсэл, тээвэрлэлт зэрэг мэдээллийг авах боломжтой боллоо

Б.Бадамгарав, IKon.mn
2018 оны 11 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Засгийн газар, Швейцарын хөгжлийн агентлаг хамтран “Ногоон алт, малын эрүүл мэнд” төслийг хэрэгжүүлж байна. Төслийн үйл ажиллагааны хүрээнд “Малын эрүүл мэндийн бүртгэл, мэдээллийн систем” нэвтрүүлэх туршилтын төслийг 2017 оноос Архангай аймгийн хоёр суманд хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд 2018 онд Ховд, Завхан, Хөвсгөл, Архангай, Баянхонгор, Төв аймгийн сонгогдсон 15 суманд туршин нэвтрүүлжээ.

“Малын эрүүл мэндийн бүртгэл, мэдээллийн систем” ийнхүү нэвтэрснээр малын шилжилт хөдөлгөөнийг хянах, мал, амьтны халдварт өвчнийг тандах, эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээг төлөвлөхөд шаардагдах мэдээллийн санг бүрдүүлэх, мал эмнэлгийн тайлан, мэдээ гаргах үйл ажиллагааг шинэ шатанд гаргаж буй юм.

Уг системийг Швейцарын хөгжлийн агентлаг албан ёсоор хүлээлгэн өгөх арга хэмжээ маргааш болох юм. Ингэснээр нийслэлчүүд чанар стандартын шаардлагад нийцсэн буюу үйлдвэрт бэлтгэн бар коджуулсан махыг хүнсэндээ хэрэглэх боломжтой болж байгааг албаныхан онцолж байна. 

Түүнчлэн үйлдвэрт бэлтгэж худалдаалснаар махны үнэд өөрчлөлт орохгүй гэдгийг ХАА-ын биржийн Стратеги, бодлого хариуцсан захирал Ж.Мягмарсүрэн хэллээ. Мөн тэрбээр "Иргэд захаас мах худалдан авахад тухайн мах нь хаана бэлтгэгдсэн, тээвэрлэлтийн нөхцөл ямар байсан гэх зэрэг тодорхой мэдээлэл байдаггүй. Харин уг систем хэрэгжсэнээр бүх мэдээлэл тодорхой болж байгаагаараа давуу талтай. Нэмж хэлэхэд, нядалгааны явцад арьс, нэхий зэрэг малын түүхий эдийн гэмтэл 70 хувьтай байдаг. Харин үйлдвэрийн аргаар нядлахад 30 хувьтай байдаг. Ингэснээр түүхий эдийн үнэ ч нэмэгдэх сайн талтай юм". 

Цаашид орон даяар дээрх төслийг хэрэгжүүлэн, 15-20 сая малын махыг экспортод гарган, эдийн засгийн эргэлтэд оруулах юм байна.