Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/01-НД НИЙТЛЭГДСЭН

Тосгоны иргэд 1,000 жилийн настай бурхнаа буцааж авахаар Хятадаас Нидерландад иржээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 11 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Хятадын зүүн хязгаарын Янчунь нэртэй жижиг тосгоны зургаан оршин суугч сүмийнх нь гол шүтээн болсон 1,000 жилийн настай бурхныг буцааж авах зорилгоор Нидерландын шүүх дээр иржээ.

Насанд хүрсэн хүний хэмжээтэй уг бурхны дотор талд нэгэн ламын шарилыг занданшуулж хадгалсан юм байна. Бурхныг тосгоны сүмээс 1995 онд хулгайд алдсан бөгөөд дараа жил нь Хонг Конгоос Нидерландын цуглуулагч Оскар ван Оверем худалдан авч байжээ.

Улмаар 2015 онд Будапешт хотод нээгдсэн Mummy World Exhibition үзэсгэлэн дээр энэ бурхан ил гарч ирснийг тосгоны иргэд таньсан юм.

Бурхныг тусгай техникээр шалгахад дотор талд нь Хятадын Сүн улсын үед амьдарч байсан Жангон хамба ламын занданшсан шарил байгааг тогтоожээ.

Үүний дараа бурхныг үзэсгэлэнгээс буулгасан юм. Ингээд Нидерландын шүүхэд тосгоны иргэд шүтээнээ буцааж авахаар хандаж, эхний сонсгол өчигдөр болжээ. Цуглуулагч Ван Оверем бурхныг 2015 онд Хятадын нэг цуглуулагчтай өөр зүйлээр солилцсон, одоо хамааралгүй гэж шүүхэд мэдэгдсэн байна.

Шүүхийн шийдвэр арванхоёрдугаар сарын 12-нд гарна. Энэхүү гомдлыг хэрхэн шийдэхийг Хятадын тал анхааралтай ажиглаж байна.

Учир нь Хятадаас алдагдсан түүхийн үнэт зүйлсээс цөөхөн нь эх орондоо эргэж ирсэн байдаг ба бүгд дипломат шугамаар шийдэгдэж байсан юм.

Харин энэ удаа тосгоны энгийн иргэд шүтээнээ буцааж авахаар хөөцөлдөж байна. Хятадын газар нутгаас 19 дүгээр зууны үед Европын гүрнүүд ихээхэн эд зүйлс дээрэмдэж авсан байдаг. Сүүлийн жилүүдэд эдгээрийг буцааж авах талаар Бээжингийн эрх баригчид идэвхтэй ажилладаг болоод байна.

 

Эх сурвалж: The Guardian