Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/01-НД НИЙТЛЭГДСЭН

"Сүүлийн жилүүдэд манай улсад дөрвөн сэтгүүлч сэжиг бүхий байдлаар амь насаа алдсан"

Б.Бадамгарав, IKon.mn
2018 оны 11 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

-Сэтгүүлчдийн эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдөр маргааш буюу арваннэгдүгээр сарын 2-ны өдөр тохионо-

“GSP+механизмаар дамжуулж хүний эрх, хөдөлмөрлөх эрхийг хөхиүлэн дэмжих нь” төслийн хүрээнд Монголын хуульчдын холбоо, Глоб интернэшнл төв, Хэвлэл мэдээллийн зөвлөл хамтран “Сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хангах эрхзүйн зохицуулалт, түүний хэрэгжилтийн дүн шинжилгээ” судалгааны ажлыг хийж байгаа юм.

Тус судалгааны явц 30 хувьтай байгаа бөгөөд урьдчилсан дүнг өнөөдөр танилцууллаа. Урьдчилсан дүнгээр сэтгүүлчид өөрсдийн мэргэжлийн аюулгүй байдлыг “хангалттай сайн” гэж  үзэхгүй байна гэсэн байна. Түүнчлэн 3-4 сэтгүүлчийн нэг нь хамгийн багадаа 2-3 удаа олон нийтэд түгээсэн нийтлэл, нэвтрүүлгээсээ үүдэн дарамт шахалтад өртөж байсан хэмээх хариултыг өгчээ.

Есдүгээр сард эхэлсэн энэхүү судалгаанд 300 орчим сэтгүүлчийг хамруулж, ирэх оны тавдугаар сарын 3-ны өдөр эцсийн дүнг албан ёсоор танилцуулах юм байна.

 
Гэрэл зургийг mpa.mn

“Глоб” интернэшнл төвийн тэргүүн Х.Наранжаргал “Хил хязгааргүй сурвалжлагчид байгууллагаас гаргасан хэвлэлийн эрх чөлөөний индексээр манай улс МЭДЭГДЭХҮЙЦ АСУУДАЛТАЙ УЛС ангилалд багтсан. Энэ нь манай улс тодорхой хэмжээнд анхаарах зүйлс байна гэдгийг харуулж байгаа юм. Мөн манай төв мэргэжлийн байгууллагын хувьд сэтгүүлчдийн аюулгүй байдлыг түгшүүртэй байна гэж дүгнэж байна. Манай улсад сүүлийн жилүүдэд дөрвөн сэтгүүлч сэжиг бүхий байдлаар амь насаа алдсан. Мөн ажил үүргээ гүйцэтгэж буй сэтгүүлчийг болон гэр бүлийн гишүүдэд дарамт учруулах, утсаар заналхийлэх тохиолдлууд гарч байна” гэлээ.

Түүнчлэн Монголын хуульчдын холбооны Хууль зүйн шинжлэх ухаан, боловсролыг дэмжих хорооны гишүүн, өмгөөлөгч Д.Мөнхбат “Монголд хэвлэл мэдээллийн эрх зүйн тогтолцоо төлөвшөөгүй байна. Мэдээллийн эрх зүй гэж хуульзүйн шинжлэх ухааны салбар байх ёстой ч  манайд үүсч төлөвшөөгүй. Мөн хэвлэл мэдээллийн салбарын үйл ажиллагааг зохицуулсан хууль гэж алга. Тиймээс манай улс хэвлэл мэдээллийн салбарыг зохицуулсан эрх зүйн тогтолцоотой болох шаардлагатай” хэмээв.

2006-2017 онд олон улсын хэмжээнд нийт 1010 сэтгүүлч ажил үүргээ гүйцэтгэх явцдаа бусдын гарт амиа алджээ. Түүнчлэн сэтгүүлчдийн амиа алдсан 10 хэрэг тутмын есөн тохиолдолд нь гэмт хэргийг үйлдсэн этгээдэд ямар нэгэн хууль ёсны арга хэмжээ аваагүй байна.