Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/01-НД НИЙТЛЭГДСЭН

Хүний гар хүрээгүй онгон байгаль Монголд зөвхөн Алтайн цаадах говь, Хөвсгөлийн хойд хэсэгт үлджээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 11 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Күинслэндийн Их сургууль (UQ), Амьд Байгалийг Хамгаалах Нийгэмлэг (WCS) байгууллагууд хамтран манай дэлхийн хүний гарт хөндөгдөөгүй байгаа газар нутгийн зурaглалыг гаргажээ.

Арваннэгдүгээр сард Египет улсад болох олон улсын хуралд (Convention on Biological Diversity) зориулж энэ мэдээллийг гаргасан байна. 

Энэ хурлаар 2020 оноос эхлэн дэлхийн улс орнууд биологийн төрөл зүйлүүдийг хадгалж, хамгаалах төлөвлөгөөтэй болох асуудлыг хэлэлцэх юм.

Газрын зургаас харвал Монгол улсын нутаг дэвсгэрийн хоёрхон хэсэгт, тухайлбал Хөвсгөлийн хязгаарын хойд ба баруун хэсэг, Алтайн цаадах говьд хүний гарт өртөөгүй зэрлэг онгон байгаль байна гэж дүгнэжээ.

 

Зурагт Антарктидыг оруулаагүй бөгөөд Австрали, АНУ, Бразил, Орос, Канад гэсэн таван оронд дэлхийн үлдсэн бүх зэрлэг онгон байгалийн 70 орчим хувь ноогдож байгааг харуулсан байна.

Судалгаагаар Антарктидаас бусад бүх хуурай газрын 77 хувь, далай тэнгисийн 87 хувь хүний нөлөөгөөр өөрчлөгдсөн болохыг тогтоожээ. Одоо эрдэмтэд үлдсэн бүх зэрлэг байгалийг 100 хувь хэвээр нь хадгалж үлдээх олон улсын хэмжээний зорилготой болохыг уриалж байна.

Судалгааны тайлан Nature сэтгүүлд нийтлэгджээ.

 

Эх сурвалж: The Guardian