Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/01-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Дэлгэрсайхан: Төсвийн бодлого юунд чиглээд байгааг олж харахад төвөгтэй, ямар үр дагавартай нь дурдагддаггүй

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 11 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийг УИХ-аар хэлэлцэж байгаа билээ. Энэ цаг үетэй давхцуулан Эдийн засгийн байнгын хороо, Монголбанк болон эдийн засагч, судлаачид хамтран “Глобал орчин, Эдийн засгийн бодлого боловсруулж, хэрэгжүүлэхэд анхаарах асуудлууд” сэдэвт хэлэлцүүлгийг өчигдөр зохион байгууллаа.  

Уг хэлэлцүүлэгт оролцогчдын илтгэл болон байр суурийг товчлон хүргэж байна. 

Байнгын хорооны дарга Д.Дамба-Очир хэлэлцүүлгийн эхэнд “УИХ-аар Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулийн төсөл болон “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Дэлхий дахины эдийн засгийн сөрөг өөрчлөлтүүд дотоодын эдийн засагт нөлөөлөх эрсдэлтэй. Иймд эдийн засгийг цаашид бодитой төлөвлөх, дархлааг бий болгоход чиглэсэн бодлого боловсруулан хугацаа алдалгүй хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага үүсээд байна.

Олон улсын туршлагаас үзвэл гадаад валютын нөөцтэй улс орнууд эдийн засгийн хямралыг хохирол багатай туулсан байдаг. Энэ үүднээс манай улс гадаад валютын нөөцөө хүрэлцэхүйц хэмжээнд байлгах нь эдийн засгийн аюулгүй байдлыг хангахад чухал ач холбогдолтой. Өнөөдрийн хэлэлцүүлгээс цаашдын бодлогыг тодорхойлох бүтээлч санал, санаачилга гарна гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцолсон юм.

Монголбанкны дэргэдэх Эдийн засгийн судалгаа, сургалтын хүрээлэнгийн захирал С.Дэмбэрэл “Дэлхийн макро эдийн засгийн шинэ хандлага, худалдааны дайн Монгол шиг түүхий эдийн экспорт хийдэг улсуудад сөргөөр нөлөөлдөг. Түүхий эдийн эрэлт нийлүүлэлтийн зах зээл дээр сөрөг үр дагавар гардаг. Жижиг эдийн засагтай улсын хувьд олон улсын худалдааны буюу хоёр хөршийн том зах зээлийн боломжуудыг бүрэн ашиглах хэрэгтэй. Том, хатуу дэд бүтцийг л олон жил ярьлаа. Гэтэл зөөлөн дэд бүтэц буюу гааль, хил дээрх хүнд сурталыг арилгах, худалдааг дэмжих, экспортыг бодитоор нэмэгдүүлэх зэрэг асуудал өнөөг хэр шийдэгдээгүй байна. 

ЖДҮХС гэж байгуулсан ч ЖДҮХС биш болчих шиг боллоо. Уламжлалт бус экспорт гэдэг нь зөвхөн ноос ноолуур, арьс шир биш л дээ. Санаанд нь явж байгаа зүйлийг бодит зүйл болоход тус дэм болох бодлогын арга хэрэгсэл, хөшүүргийг цогцоор нь хэлж байгаа юм.

Саяхан африкийн 20-иод орнуудтай Монгол Улсын макро эдийн засгийн бүтцийн өрөөсгөл байдлыг харьцуулан судаллаа. Гэтэл ихэнхээс нь дор байна. Тэнд асар том том мега төслүүд яриад суугаад байдаггүй юм байна. Энэ бүхэн Монгол Улсад хамааралтай сургамжууд юм. Бид жижиг улс, худалдаагаа сайжруулах шаардлагатай байна” гэв.  

Санхүү эдийн засгийн дээд сургуулийн багш Ж.ДэлгэрсайханМакро эдийн засгийн хувьд Монгол Улс өнөөдрийг хүртэл тогтвортой эдийн засгийн бүтэцтэй болж чадаагүй. Дээрээс нь эдийн засаг ийм эмзэг байгаагийн үндсэн шалтгаан нь хөгжлийн цогц бодлого дутагдаж байгаатай холбоотой. 

Тэгэхээр бид нөхцөл байдлаа бодитоор үнэлэх шаардлага байна гэж би хувьдаа хардаг. Яагаад ийм байдалд хүрчихсэн бэ гэдгээ бүрэн үнэлэлгүйгээр цаашид алхах нь алдаа юм. 

Жишээ нь, 2030 гэсэн бодлогын баримт бичиг байгаа. Тэгвэл яг тэр бодлогын баримт бичгийн хүрээнд макро эдийн засгийн бодлогыг удирдаж байгаа, төсвийг ерөнхийлөн захирч байгаа субъектууд хамтарч ажиллах ёстой. 

Гэтэл Монгол Улсын төсөв боловсруулж, баталж байгаа процессоос харахад төсвийн ерөнхийлөн захирагчид тус тусдаа саналаа оруулдаг. Түүнийг нь яам нэгтгэх байдлаар УИХ-д өргөн барьдаг. Дээрээс нь төсвийн бодлого чухам юунд чиглээд байгааг олж харахад төвөгтэй. Монгол Улсын төсөв нь эдийн засаг, нийгмийн ямар үр дагаврыг авчрах вэ гэдэг нь дурдагддаггүй. Гэтэл хууль эрх зүйн актуудаас харахад төсөв нь нийгэм, эдийн засгийн тогтвортой бүтцийг бий болгох ёстой, төсвийн хуваарилалт тэгш хүртээмжтэй байх ёстой гэхчлэн асар том зарчмын заалтууд байдаг.

Гэвч төсвийн ерөнхийлөн захирагч болгон өөр өөрсдийн харсан зүйлийг хийдэг, тэрийг нь нэгтгээд Сангийн яам батлуулдаг хэлбэрээр зохион байгуулагдаж байгаа. Төсвийн хүрээний мэдэгдэл гэдэг зүйлийн дагуу хийгдээд байгаа боловч төсвийн хүрээний мэдэгдэлд Монгол Улсын эдийн засгийн өсөлт, инфляци гэдэг хоёрхон тоо байдаг” хэмээлээ. 

Ерөнхий сайд асан М.Энхсайхан “ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй хөтөлбөр удахгүй дуусгавар болно. Өнгөрсөн хугацаанд Монгол Улс маш их өр тавьсан. Энэ өрийг дарахын тулд Засгийн газар, Монголбанк уялдаа холбоогоо сайжруулж, хөрөнгийн зах зээлд баримтлах бодлогоо тодорхойлох хэрэгтэй. Ингэхгүй бол дэлхийн эдийн засгийн цохилтуудаас бултаж чадахгүй.

Валютын сангийн хөтөлбөр дууссаны дараа яах вэ гэдэг асуулт үүсээд байгаа. Тэгвэл валютын сангийн хөтөлбөр дууссан дараа валютын сангийн хөтөлбөр л байна” гэлээ. 

Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “АНУ-ын Төв банк мөнгөний бодлогын хүүгээ өсгөснөөр дэлхийн ихэнх орны мөнгөн тэмдэгтийн ханш ам.долларын эсрэг суларч байна. Монгол төгрөгийн хувьд ам.доллартай харьцах ханш суларсан ч юань, рублийн эсрэг чангарч байгаа. Одоогоор Монголбанк 2.8 тэрбум ам.долларын валютын нөөцтэй байгаа бөгөөд энэ нь Монгол Улсын зургаан сарын импортын хэмжээтэй тэнцэх үзүүлэлт.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс валютын нөөц нэг жилийн импортын хэмжээтэй тэнцэх валютын нөөцтэй байх ёстой гэсэн зөвлөмж өгсөн. Тиймээс Монголбанк валютын нөөцөө нэмэгдүүлэх, бодлогын  хүүг тогтвортой байлгах чиглэлд анхаарч байгаа. 2019-2020 онд инфляцийг найман хувьд барих, дунд хугацаандаа зургаан хувь болгон бууруулахаар ажиллаж байна” гэв.