Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/30-НД НИЙТЛЭГДСЭН

Фэйсбүүк компани цахим орчны зохистой хэрэглээний боловсрол олгоход Монгол Улсад дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ

С.Бадрал, iKon.mn
2018 оны 10 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Фэйсбүүк компаниас жил бүр зохион байгуулдаг “APAC Safety Summit 2018” буюу Ази номхон далайн бүс нутгуудын цахим орчин дахь аюулгүй ажиллагааны уулзалт Сингапурт аравдугаар сарын 24-26-ны өдөр боллоо. 

Ази номхон далайн орнуудын хэрэглэгчдийн цахим орчин дахь аюулгүй байдлыг хэрхэн хангах талаар хэлэлцэж, улс орнууд хоорондоо жишээ туршлагаа солилцдог тус чуулганд Монгол Улсыг төлөөлж, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын хэлтсийн дарга А.Золзаяа оролцов.

 

Тэрбээр Фэйсбүүк компанийн Олон улсын аюулгүй байдал, бодлого төлөвлөлтийн газрын дарга Хатагтай Антигоне Давис ,Simon Milner ,George Chen зэрэг удирдлагуудтай  уулзаж, Монгол Улсын нийгмийн сүлжээний хэрэглээний өнөөгийн байдал болон цаашид хамтран ажиллах чиглэлд санал солилцлоо. 

 
 

Энэ үеэр Фэйсбүүк компанийн зүгээс цахим орчны зохистой хэрэглээний боловсролыг үе шаттайгаар олон нийтэд олгоход Монгол Улсад дэмжлэг үзүүлэхээ илэрхийлээд ойрын хугацаанд олон улсад сайн туршлага болсон сургалтын моделиудыг ХХМТГ-тай хамтран хэрэгжүүлэхээр тохиролцсон байна. 

 “APAC Safety Summit 2018” чуулганы үеэр  “Фэйсбүүк хэрэглэгчийн аюулгүй байдлыг хэрхэн хангаж байна вэ?”, “Залуу үе ба технологийн боломжууд”, “Цахим орчны аюулгүй байдлыг үр дүнтэйгээр  шийдэх нь”, “Цахим болон цахим бус орчинд аюулгүй байдлаа хангахад хэрхэн бие биенээ дэмжих вэ” зэрэг сэдвийн дор илтгэл, панел хэлэлцүүлгүүд зохиогдож, Солонгос, Австрал, Тайвань, Индонез, Тайланд, Хонг Конг, Вьетнам  зэрэг 16 улсын төлөөлөгчид өөрийн  оновчтой шийдэл, зохицуулалтын талаарх туршлагаасаа хуваалцав.

Энэ удаагийн чуулганы үр дүнд цахим орчны аюулгүй байдлыг хангах хамгийн үр дүнтэй шийдэл нь  олон нийтийн цахим хэрэглээний мэдлэг боловсролыг дээшлүүлэх явдал юм гэдэгт оролцогч улсууд санал нэгдлээ.