Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/19-НД НИЙТЛЭГДСЭН

Х.Бадамхатан: 25 килограммын шуудайтай сайжруулсан түлшийг 3,750 төгрөгөөр худалдаална

Г.Номин, iKon.mn
2018 оны 10 сарын 19
iKon.MN
 
Гэрэл зургийг mpa.mn

Монголын экологийн форум өнөөдөр Новотел зочид буудалд болж, Улаанбаатарын ус, агаар, хөрсний бохирдлыг бууруулах гарцын талаар төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага, иргэд оролцон зөвлөлдлөө.

"Улаанбаатарын ус" сэдвийн хүрээнд "АНУ-ын Мянганы сорилтын корпорацитай байгуулсан хоёр дахь компакт гэрээний хүрээнд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн тухай" илтгэлийг Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын МСК-ийн хороонд байгуулах хоёр дахь компакт гэрээг боловсруулах Үндэсний ажлын албаны дарга Э.Содонтогос тавьж, үргэлжлүүлэн хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр ажиллах бие даасан агентлаг ​байгуулна

Үргэлжлүүлэн иргэдийн анхаарлын төвд байгаа асуудал болох "Улаанбаатарын агаар" сэдэвт хэлэлцүүлэг боллоо.

 
Гэрэл зургийг mpa.mn

"Улаанбаатарын агаар" сэдэвт хэлэлцүүлгийн үеэр Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр ажиллах бие даасан агентлаг байгуулах болон сайжруулсан түлшний хэрэглээг нэвтрүүлэх асуудлууд яригдлаа. Энэ үеэр Сангийн дэд сайд Х.Булгантуяа бие даасан агентлаг байгуулах төсөв 2019 оны төсөвт суусныг хэлээд өмнө нь "Цэвэр агаар сан" энэ чиглэлээр ажиллаж байсан ч дорвитой үр дүнд хүрээгүй. Тиймээс энэ удаад байгуулах агентлагийн үйл ажиллагаа тодорхой, хөрөнгийн зарцуулалт хяналттай байх шаардлагатайг онцолж байв.

Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр олон улсын байгууллагуудын өгч буй зөвлөмжүүдэд түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлах, сайжруулсан түлш хэрэглэх санал байнга багтсан байдаг. Тэгвэл “Тавантолгойн түлш” ХХК-ийн ахлах зөвлөх Г.Бадамхатан түүхий нүүрсний хэрэглээг бүрэн хязгаарлаж, сайжруулсан түлш хэрэглэвэл агаарын бохирдол 50 хувиар буурах боломжтойг хэлсэн юм.

 
Гэрэл зургийг mpa.mn

Тэрбээр "Засгийн газар ирэх оны тавдугаар сараас эхлэн түүхий нүүрсийг Улаанбаатарт оруулахгүй байх шийдвэр гаргасан. Нийслэлчүүдийн хэрэглэж байгаа түүхий нүүрсний одоогийн хэрэгцээг 600 мянган тонн шахмал түлшээр солих бүрэн боломжтой гэж үзэж байгаа. Ингээд Ухаа худагийн угаасан нүүрсийг ашиглан сайжруулсан түлш үйлдвэрлэх компанийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг түшиглэн байгуулсан.

Нүүрсээ үнэгүй авч байгаа боловч, нэг тонн нүүрсийг тээвэрлэж авчрах зардал 65 мянган төгрөг болж байгаа. Бид 25 кг-ын шуудайнд савласан түлшээ 3,750 төгрөгөөр худалдаална. Сайжруулсан түлш түүхий нүүрснээс хоёр дахин удаан шатна. 1,200 орчим тонн түүхий нүүрсийг 200 мянган гэр хорооллын айл шатаадаг бол 600 мянган шахмал түлш шатаана гэж ойлгож болно" гэсэн юм.

Мөн тэрбээр агаарын бохирдлыг  хувиар бууруулахын тулд 100 айлыг орон сууцанд оруулах эсвэл түүхий нүүрсний хэрэглээг бүрэн халах хэрэгтэй учраас санхүүгийн боломждоо тааруулаад түлшээ солих нь хамгийн зөв гарц гэдгийг онцолж байв.

"Хашаандаа тав тухтай, эко амьдрах боломжийг нь дэмжиж болохгүй юу"

Энэхүү хэлэлцүүлгийн үеэр "Хашаандаа сайхан амьдаръя" ТББ-ын тэргүүн Ц.Түмэнбаяр гэр хорооллын 50 орчим бүсээр явж, 2,000 гаруй иргэнтэй уулзаж ярилцсанаа хэлээд орчны бохирдлын асуудлыг зөвхөн төр засаг яриад зогсох ёсгүй бөгөөд иргэд бохирдлынхоо эсрэг өөрсдөө санаа тавих ёстой гэдэг санаачилгыг эхлүүлснээ дуулгалаа.

Иргэдийг уриалаад явж байхад гардаг хүндрэлийн талаар тэрбээр "Төрийн зүгээс өөрсдөө бүхнийг хийчих юм шиг ярьж, амлалт өгдөг. Иргэдээ уриалдаггүй.

Яармагийг орон сууцжуулна гээд хэлээд байдаг учраас "хашаагаа хөрөнгө гаргаад тохижуулсны дараа нураах болох нь" гэсэн байр суурийг Яармагийн иргэд хэлж байна.

Төр засаг үнэхээр чадахгүй зүйлээ чадахгүй гэдэг, хаана ямар тохижилт хийх, аль бүсийг орон сууцжуулах, хотод ямар төлөвлөлт хийх талаараа тодорхой байр суурь мэдээллээ өгчихвөл иргэд тэднийг хүлээхгүй хашаандаа тав тухтай амьдрах боломжоо бүрдүүлэх боломжтой.

Ер нь хашаандаа сайхан амьдарч болох бүх боломж бүрдсэн одоогийн нөхцөлд яагаад заавал орон сууцанд оруулах гээд байгаа юм бэ. Хашаандаа тав тухтай, эко амьдрах боломжийг нь дэмжиж болохгүй юу.

Манай байгууллагын гишүүдийн зүгээс цаашид клубийн зохион байгуулалтад орж, хашаандаа сайхан амьдрах талаар мэдлэг, мэдээллээ хуваалцахаар ажиллаж байгаа" хэмээсэн юм.

Түүний саналыг хэлэлцүүлэгт оролцож буй талууд дэмжиж буйгаа илэрхийлж байлаа.

"Харагдах байдал биш жорлон гэдэг системд хөрөнгө оруулалт хийх нь хамгийн чухал"
 
Гэрэл зургийг mpa.mn

​"Улаанбаатарын хөрс" хэлэлцүүлгийн эхэнд "Жорлонгоо өөрчилье" номын зохиолч Ц.Оюунгэрэл "Жорлонд хөрөнгө оруулахдаа анхаарах зүйлс" сэдвээр илтгэл тавьсан юм. Түүнээс илтгэл болон "Жорлонгоо өөрчилье" хөдөлгөөний хэрэгжилтийн талаар тодрууллаа.

-Өнөөдрийн хэлэлцүүлэг төр засгийн шийдэл, үйлдлийг хүлээхээс илүүтэй иргэд өөрсдөө хэрхэн орчны бохирдлыг багасгахад ямар хувь нэмэртэй байх тал руу чиглэж байна. Таны илтгэлийн сэдэв ч гэсэн иргэдэд чиглэсэн бололтой?

-Жорлон хэн бүхний хэрэглээ учраас иргэд бүгдээрээ л хөрөнгө оруулагч болдог. Тиймээс хөрөнгө оруулагч гэдэг утгаараа юунд анхаарах ёстойг илүү чухалчилж илтгэлээ бэлтгэсэн.

Жорлон зөв бүтэцтэй, зөв арчилгаатай байхгүй бол амархан бохирдож, цэвэрлэхэд түвэгтэй болдог. Тиймээс хөрөнгөө юунд оруулж, хэрхэн арчлахаас шалтгаалаад тухайн жорлон байнгын хэрэглээ байх уу эсвэл жорлон нэртэй хэрэглээгүй, бохир амбаар болох уу гэдэг нь хамаарна.

Би саяхан говь явж байх замдаа нэг төлбөртэй жорлонд орсон. Гаднаас нь харахад үнэтэй материалаар барьсан барилгатай сайхан харагдаж байсан. Ингээд яваад ортол хамгийн үнэтэй харагддаг хамгийн муухай жорлон байсан. Учир нь юу вэ гэхээр тэр жорлон агааржуулагчгүй байв. 14,000 төгрөгийн үнэтэй агааржуулагч суурилуулаагүй хэр нь 200-300 мянган төгрөгийн үнэтэй хоёр бүргэд хаалгатай. Агааржуулагчгүй өмхий учраас хэн цэвэрлэх юм бэ. Цэвэрлээд байхад өмхий үнэр нь арилахгүй учраас угаасаа цэвэрлэхгүй шүү дээ. Жижиг зүйлээс л тийм том алдаа гарч болох учраас жорлонд хөрөнгө оруулахдаа маш сайн анхаарах хэрэгтэйг өнөөдөр онцолсон.

Харагдах байдал биш жорлон гэдэг системд хөрөнгө оруулалт хийх нь хамгийн чухал.

-"Жорлонгоо өөрчилье" хөдөлгөөний багийнхан нийслэл төдийгүй 21 аймагт явж сургалт зохион байгуулсан. Төслийн үр дүн гарч байна уу?

-"Жорлонгоо өөрчилье" хөдөлгөөний тайлангууд яг одооноос орон нутгаас ирж эхэлж байна. Арваннэгдүгээр сарын 19-нд Дэлхийн жорлонгийн өдөр тохионо. Тэр өдрийг угтаж бид бүх аймгаас тайлангаа аваад нэгдсэн дүнг танилцуулахаар бэлтгэж байгаа. Одоогийн байдлаар Хөвсгөл, Төв аймгаас ирсэн тайлангаас онцолбол, аймгийн төвд сургалт зохион байгуулсны дараа орон нутгийн идэвхтнүүд сум, багуудаар явж маш олон сургалтыг зохион байгуулжээ.

Мөн орон нутгийн удирдлагууд тогтоол шийдвэр гаргаж, жорлонгоо өөрчлөх идэвх нэмэгдсэн байна.

Хөвсгөл аймгийн тайлангаас харвал хөдөлгөөн өрнөсний дараа 2-3 төрлийн ахуйн бохироос үүдэлтэй өвчний гаралт 50 хувиар буурч, жорлонгийн борлуулалт 50 хувиар өссөн байна. Сүүлийн жилүүдэд цусан суулга өвчний тохиолдол эрс нэмэгдээд байсан Төв аймгийн эрүүл мэндийн байгууллагууд жорлонгоо өөрчлөх санаачилгыг нэн тэргүүнд хэрэгжүүлэхээр болж байгаагаа мөн тайландаа дурдсан байна.

-Баярлалаа. Амжилт хүсье.