Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/17-НД НИЙТЛЭГДСЭН

Шүүх эмнэлгийн мэргэжилтэн Араб сэтгүүлчийн цогцсыг хувааж байх хооронд бусад нь хөгжим сонсож байжээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 10 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Энэ сарын эхээр Истанбул дахь Саудын Арабын консулын газарт очоод сураггүй болсон сэтгүүлчийн хувь заяа тодорхойгүй байгаа.

Тэгвэл Туркийн албаны эх сурвалж өчигдөр CNN, Al Jazeera сувгуудад зарим мэдээллийг өгсөн байна. Уг мэдээлэлд өгүүлснээр Саудын Арабаас илгээсэн 15 хүнтэй алуурчдын баг консулын байран дотор сэтгүүлч Жамал Хашоггийн амийг хөнөөжээ. Аллагыг 7 минутын дотор гүйцэтгэсэн гэнэ.

Алуурчдын багийн гишүүн, Саудын шүүх эмнэлгийн эксперт Салех аль Тубайки сэтгүүлчийн цогцсыг мөчлөн хуваах ажлыг гүйцэтгэж, энэ хооронд бусдыгаа хөгжим сонсоод амарч байхыг зөвлөсөн гэж эх сурвалж мэдээлжээ.

Үүнийг батлах аудио болон видео бичлэгүүдийг консулын байрнаас олсноо Туркийн эх сурвалж мэдээлсэн байна. Туркийн мөрдөгчид өнгөрсөн Даваа гарагт Саудын Арабын консулын газарт нэвтэрч, есөн цагийн турш шалгалт явуулсан юм.

Тус улсын ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоган өчигдөр мэдэгдэхдээ консулын байрны дотор зарим хэсгийг шинээр будсан байсан нь аллагын баримтыг нуун дарагдуулах зорилготой гэжээ. Жамал Хашогги нь Саудын Арабын эрх баригчдын бодлогыг шүүмжилсэн бичвэрүүдээ Вашингтон Пост сонинд нийтлүүлдэг байсан юм.

Тэрээр Турк эмэгтэйтэй гэрлэх гэж байсан тул бичиг баримт хөөцөлдөхөөр аравдугаар сарын 2-ны өдөр өөрийн улсын консулын газарт нэвтрээд буцаж гарч ирээгүй ажээ.

Өчигдөр уг асуудлаар хэлэлцэх зорилготой АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Саудын Арабын нийслэл Рияад хотод очсон юм. Саудын Арабын эрх баригчид байцаах ажиллагаанд алдаа гарсны улмаас сэтгүүлч амиа алдсан гэж гадаад ертөнцөд зарлахаар бэлдэж байгааг зарим хэвлэлүүд саяхан мэдээлсэн юм.

Одоогоор Саудын засгийн газар өөрийнх нь захиалгаар Жамал Хашоггийн амийг хөнөөсөн гэх мэдээллийг эрс үгүйсгэж байна.

 

Эх сурвалж: Al Jazeera, CNN